Япон: Ерөнхий сайд Такаичи Санаэг сүмогийн дэвжээн дээр гарахыг зөвшөөрөх үү?

Япон: Ерөнхий сайд Такаичи Санаэг сүмогийн дэвжээн дээр гарахыг зөвшөөрөх үү?


   Япон улсын үндэсний бөх болох сүмо нь бүх цаг үед тус улсад хамгийн өндөр нэр хүндтэй явж ирсэн үндэсний соёл юм. Харин Японы түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд Такаичи Санаэ сүмогийн дэвжээн дээр гарч шагнал гардуулж чадах эсэх талаар хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Тухайлбал “Asahi Shimbun” сонин энэ сарын башёгийн тэргүүн бөхөд олгох Ерөнхий сайдын цомыг Такаичи Санаэ гардуулах эсэх талаар Сүмогийн холбооноос тодруулахад "Уламжлалт соёлоо сахих нь бидний эрхэм зорилго" хэмээн хариулжээ. Үүнийг эмэгтэй хүн сүмогийн дэвжээн дээр гарахыг зөвшөөрөхгүй гэсэн утга гэж тус сонин тайлбарласан байна. Сүмогийн холбоо жилд зургаан удаа Токио, Осака, Нагоя, Фүкүока хотуудад мэргэжлийн сүмогийн тэмцээн зохион байгуулдаг. Кюүшюү башё энэ сарын 10-23-ны хооронд болох бөгөөд түрүү бөхийн хамгийн өндөр шагнал нь Ерөнхий сайдын цом юм. Шагналыг ерөнхий сайд өөрийн биеэр гардуулах эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд өөрийн биеэр цом гардуулах нь Сүмогийн холбооны хувьд нэр төрийн хэрэг байдаг ч эмэгтэй ерөнхий сайд дэвжээн дээр гарч байсан түүх үгүй. 1989 онд Японы Засгийн газрын анхны эмэгтэй шадар сайд Маюми Морияма ерөнхий сайдын өмнөөс шагнал гардуулах санал тавьсан боловч Сүмогийн холбоо татгалзаж байжээ. Мөн 2018 онд Такаразүка хотын дарга эмэгтэй Томоко Накагава башёд биеэр мэндчилгээ дэвшүүлэх хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авч байв. Өөр нэг сонин тохиолдол бол 2018 онд эрэгтэй улс төрч дэвжээн дээр үг хэлж байхдаа гэнэт ухаан алдаж унасан бөгөөд сувилагчид яаран очиж анхны тусламж үзүүлэх үед сүмогийн ордны чанга яригчаар тэднийг дэвжээнээс буухыг шаардаж байжээ.      


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.