Сингапур: Залилангийн гэмт хэрэгтнийг ташуурдаж шийтгэнэ
Зүүн Өмнөд Ази, түүний дотор Камбож, Мьянмар зэрэг орнуудад өргөн тархсан цахим залилан болон бусад төрлийн луйвар, залилангийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд Сингапурын Засгийн газар гэмт хэрэгтнүүдийг ташуурдаж шийтгэхээр болов. “Bloomberg News” агентлагийн мэдээлснээр, тус улсын парламент дээрх заалтыг Эрүүгийн хуульд багтаах нэмэлт өөрчлөлтийг хийсэн байна. Ингэснээр залилан, луйврын схем байгуулсан этгээд, уг гэмт хэрэгт хамтран оролцогчдыг 6-24 удаа ташуурдахаар болжээ. Дотоод хэргийн сайдын орлогч Сим Анн парламентад хэлэхдээ "Залилан нь өнөөдөр Сингапурт хамгийн түгээмэл тохиолддог гэмт хэрэг болсон" хэмээгээд, энэ нь бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 60 хувийг эзэлж байгааг дурджээ. Тус улсад 2020 оноос энэ оны эхний хагас хүртэл 190 мянга орчим залилангийн хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүний уршгаар хувь хүн, байгууллагууд ойролцоогоор 3.7 тэрбум сингапур долларын хохирол амссан байна. Иймээс Засгийн газар энэ төрлийн гэмт хэргийн эсрэг хатуу байр суурь баримталж, залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн банкны дансны гүйлгээг хязгаарлах зөвшөөрлийг цагдаагийн байгууллагад олгожээ. Тус улс мөн Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хиймэл оюун ашиглан хувь хүний зөвшөөрөлгүйгээр бэлгийн чиг хандлагатай зураг авч, видео бичлэг хийх зэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







