34 настай, лалын шашинт нэр дэвшигч Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд яллаа
АНУ-ын Ардчилсан намаас Нью-Йорк хотын захирагчид нэр дэвшин өрсөлдсөн Зохран Мамдани өчигдөр болсон санал хураалтын дүнгээр сонгогчдын 50.3 хувийн саналыг авч, тус хотын 111 дэх даргаар сонгогдлоо. 34 настай З.Мамдани сүүлийн 100 жилд Нью-Йоркийн захирагчийн албан тушаалыг авч буй хамгийн залуу хүн болж байна. Мөн Нью-Йоркийн 400 жилийн түүхэн дэх анхны лалын шашинт, анхны Өмнөд Ази гаралтай мэр болж байгаа юм. Нью-Йорк хотын өмнөх захирагч Эндрю Куомо энэ сонгуульд бие даан нэр дэвшиж 42,6 хувийн санал авсан бол Бүгд найрамдах намын нэр дэвшигч Кёртис Слива 7,2 хувиар удаалжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп З.Мамданийг эрс эсэргүүцэж байсан бөгөөд Э.Куомог түүнтэй халз өрсөлдсөн бол гарцаагүй ялах байсан хэмээн хэлсэн байна.
Зохран Мамдани 1991 оны 10 дугаар сарын 18-нд Угандагийн нийслэл Кампала хотод энэтхэг гэр бүлд төржээ. Тэднийх 1998 онд АНУ-д ирж Нью-Йорк хотод суурьшсан бөгөөд эцэг нь Колумбын их сургуулийн антропологийн профессор, эх нь кино найруулагч байв. З.Мамдани Нью-Йоркийн Бронкс дүүрэгт шинжлэх ухааны дунд сургууль төгсөөд Мэн мужийн Боудоин их сургуульд элсэн 2014 онд дүүргэжээ. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа крикетийн анхны багийг байгуулсан бол их сургуульдаа “Палестины шударга ёсны төлөө” хэмээх оюутны байгууллагыг байгуулан удирдаж байв. Тэрбээр 2018 онд АНУ-ын иргэншил авсан байна. Сургуулиа төгсөөд тэрбээр хуулийн зөвлөхөөр ажиллаж, Нью-Йоркийн Куинс дүүргийн ядуу өрхүүдэд байрнаасаа хөөгдөхгүй байхад нь тусалсаар улс төрд татагдан оржээ. Үүний зэрэгцээ “Young Cardamom” нэрээр рэп дуулдаг байсан бөгөөд 2017 онд Нью-Йоркийн лалын шашинтны амьдралын тухай “Salaam” хэмээх нэртэй дуу бичүүлж байв. З.Мамдани 2020 онд Нью-Йорк хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогджээ. Улмаар тодорхой таван чиглэлийн автобусанд иргэд үнэгүй суудаг болох нэг жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж, палестинчуудыг нүүлгэн шилжүүлэх Израилийн үйл ажиллагааг дэмжихийг ашгийн бус байгууллагуудад хориглох хуулийн төсөл санаачилж байв. “The New York Times” сонинд бичсэнээр, З.Мамданийн дэвшүүлсэн 20 санаачилгаас “ач холбогдол багатай” гурав нь л хүчин төгөлдөр хууль болсон байна.
Түүний сонгуулийн өмнөх амлалт жирийн иргэдийн амьдралын өртгийг бууруулах асуудалд төвлөрч байв. Тухайлбал, түрээсийн байранд суудаг Нью-Йоркийн хоёр сая иргэний төлөх түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэлгүй тодорхой түвшинд барих, шинэ орон сууц барих төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэхээ амласан юм. Мөн зургаан сартайгаас тав хүртэлх насны бүх хүүхдийн асаргааны зардлыг төрөөс даах, бага насны хүүхэдтэй ажилчдын цалинг нэмэгдүүлэх амлалт хөтөлбөрт нь оржээ. Улмаар үнэгүй автобусны шинэ шугам, буудлууд нээх, ашиг олох бус үнийн доод хэмжээг тогтвортой барих хүнсний дэлгүүрийн сүлжээ байгуулахаа амласан байна. З.Мамдани хотын захирагчийн тангаргаа 2026 оны нэгдүгээр сарын 1-нд өргөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







