Серби: Хөлбөмбөгийн тэмцээний үеэр дасгалжуулагч өөд болжээ

Серби: Хөлбөмбөгийн тэмцээний үеэр дасгалжуулагч өөд болжээ


   Сербийн мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтын үеэр дасгалжуулагч нь гэнэт ухаан алдаж, зүрхний шигдээсээр өөд болжээ. Үүнд цочирдсон багийн тоглогчид нь талбай дээр толгой гудайлган сууж уйлсан байна. Тодруулбал Сербийн “FK Radnicki 1923” багийн дасгалжуулагч, 45 настай Младен Жижович “FK Mladost Lucany” багтай хийсэн тоглолтын үеэр гэнэт ухаан алдаж унасан байна. Эмнэлгийн багийнхан ирж анхны тусламж үзүүлэн тэр даруй эмнэлэгт хүргэсэн боловч ухаан орохгүй байсаар өөд болжээ. Тэрбээр багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхлээд ердөө арав хонож байсан аж. М.Жижовичийг эмнэлэгт хүргэсний дараа тоглолт үргэлжилсэн боловч удалгүй эмгэнэлт мэдээ ирж тэмцээнийг зогсоожээ. “FK Radnicki 1923” баг албан ёсны мэдэгдэл гаргаж, "Талийгаач мэргэжлийн ур чадвар, өгөөмөр сэтгэлээрээ мартагдашгүй ул мөр үлдээсэн авьяаслаг дасгалжуулагч байв. Түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ. Мөн Сербийн хөлбөмбөгийн холбоо "Дасгалжуулагч М.Жижович бол тууштай удирдагч, олны хүндлэл хүлээсэн хүн байсан. Түүний хөлбөмбөгт зориулсан үйлс, үлдээсэн өв уламжлалыг нь үүрд дурсах болно" гэжээ. Хөлбөмбөгийн бусад багууд ч мөн эмгэнэл илэрхийлж, хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн гадна цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсээр байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.