Хятадын нисэгчид сансарт тахианы далавч, үхрийн мах шарж иджээ
Сансрын тойрог зам дахь “Tiangong” станцад ажиллахаар очсон Хятадын “Shenzhou-21” хөлгийн багийн гишүүд ээлж хүлээлцэх багийнхантайгаа хамтран тахианы далавч, үхрийн мах шарж идсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тойрог замд нисэгчдийн ажиллах тав тухтай нөхцлийг хангах хөтөлбөрийн хүрээнд уг шүүгээг авч очсон бөгөөд юуны түрүүнд тахианы амталсан далавчийг 28 минут шаржээ. Сансрын станц дахь гал тогоонд хэрэглэсэн анхны энэхүү шарах шүүгээ нь жингүйдлийн нөхцөлд тохируулсан тусгай аргаар бүтээсэн буюу хоол хийх явцад ялгардаг нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулах системтэй тул утаа, үнэр гаргадаггүй байна. Мөн 500 удаа хоол хийх хүчин чадалтай аж. “Хятад хүн хоолыг шинээр нь идэх дуртай. Манай нисэгчид хязгаартай орчинд олон сараар амьдардаг тул тахианы далавч шинээр нь шарж идэх буюу өөрсдөө барьсан халуун талхаа зооглох нь тэр бүр олддоггүй аз жаргал мөн” хэмээн Хятадын Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн эрдэм шинжилгээний ажилтан Лю Вэйбо “South China Morning Post” сонинд ярьжээ. Сансрын нисэгчдийн идэх хоолны төрөл, үнэр, амт, чанар, өнгө, шим тэжээлийг улам бүр сайжруулах чиглэлд судлаачид зогсолтгүй ажиллаж байгааг тэрбээр мөн тэмдэглэсэн байна. Өнөөдөр “Shenzhou-21” багийнхан 190 төрлийн хоолноос сонгон идэх бололцоотойн зэрэгцээ дэлхийгээс аваачсан шинэ мах, ногоо, самар, бялуу, мөн сансарт ургуулсан ногоог хүнсэндээ хэрэглэж байгаа юм. 2023 оны тавдугаар сард хөөрсөн “Shenzhou-16” багийнхнаас эхлээд дараа дараагийн багийнхан сансрын станцад салат байцаа, улаан лооль, амтат төмс зэрэг долоон төрлийн ногоо тарьсан бөгөөд одоогоор 4.5 кг ургац аваад байгаа билээ.
Сансрын нисэгчдийн хоол ихэвчлэн шүдний оо шиг шахсан хэлбэрээр байсан бол одоо ууталсан, халааж болдог гэх мэт төрөл бүрийн хоолоор баяжсаар байна. Олон улсын сансрын станц (ОУСС) дахь хүнсний нөөцийг нааш цааш явж буй сансрын хөлгүүдээр тээвэрлэн байнга баяжуулж, шинэ ногоо, жимсээр тасалдаггүй гэнэ. 2019 онд ОУСС-д нисэгчид шоколадаар бүрсэн жигнэмэг хийсэн нь түүхэнд анх удаагийнх байв. Бэлэн зуурсан гурилыг дэлхий дээр 20 минутын дотор болгодог бол жингүйдлийн нөхцөлд тэрхүү жигнэмгийг хоёр цаг чанаж байж болгосон юм. 2021 онд Хонконгийн хэсэг иргэн “Фэйсбүүк”-т “Shenzhou-13” багийнхныг ил гал дээр мах шарж идсэн хэмээх худал мэдээ тарааж байсан удаатай. Тэгвэл дөрвөн жилийн дараа энэ мөрөөдөл биелж нисэгчид ийнхүү сансарт мах шарж идлээ хэмээн “South China Morning Post” сонинд бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







