Франц: Шоронд орсон экс ерөнхийлөгч йогуртнаас өөр юм идэхгүй байна
Гэрэл зураг © Stephanie Lecocq / Reuters

Франц: Шоронд орсон экс ерөнхийлөгч йогуртнаас өөр юм идэхгүй байна


   Парисын Сантэ шоронд ял эдэлж буй Францын ерөнхийлөгч асан Николя Саркози эрүүл мэнддээ санаа зовсны улмаас идэх хоолныхоо нэр төрлийг эрс багасгасан талаар “Le Point” сонин мэдээлэв. Тус сонинд эх сурвалжийн өгүүлснээр, Н.Саркози хамгийн аюул багатай гэж үзсэний улмаас зөвхөн йогуртаар хооллож байгаа гэнэ. “Шоронгийн хоригдлуудын зүгээс дайсагнасан хандлага тасрахгүй байгаа тул тэрбээр өрөөнд авчирч өгсөн хоолонд огт ам хүрэхгүй байгаа. Хоол руу нулимахаас өгсүүлээд яаж ч мэднэ хэмээн болгоомжилж байна” хэмээн эх сурвалж ярьжээ. Н.Саркози уул нь хоолоо өөрөө хийж идэх эрхтэй боловч энэ бололцоогоо ашиглахгүй байгаа аж. Учир нь тэрбээр “өндөг ч чанаж мэдэхгүйн зэрэгцээ нэр хүндээ бодоод хоол хийхгүй байгаа юм” хэмээн эх сурвалж тайлбарласан байна. Ливийн эрх баригчдаас мөнгө авч сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлсэн хэргээр Парисын шүүх эдүгээ 70 настай Н.Саркозид таван жилийн хорих ял оноосон юм. Түүнийг шоронд очсон даруйд хоригдлууд элдвээр доромжлох, дарамтлах, тэр бүү хэл унтуулахгүй байх зэргээр эрх чөлөөнд нь халдаж байгаа талаар Францын хэвлэлүүд мэдээлсэн билээ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.