Тайланд: Өдрийн цагаар архи уусан хүн, архи худалдсан газрыг торгоно

Тайланд: Өдрийн цагаар архи уусан хүн, архи худалдсан газрыг торгоно


   Аялал жуулчлалын орон Тайланд улс архины хэрэглээний хатуу зохицуулалт хэрэгжүүлж эхлэв. Засгийн газрын энэ бодлогыг аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж мэргэжилтнүүд шүүмжилж байна. Өнгөрсөн 8-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн "Архины хяналтын тухай хууль"-ийг шинэчилсэн найруулгад тусгаснаар өдрийн 11-14 цаг, оройн 17-24 цагаас бусад үед гадуур ресторанд сууж архи уусан тохиолдолд үйлчилгээний газар болон үйлчлүүлэгчийн аль алинд нь 10 мянган бат (ойролцоогоор 400 доллар) хүртэл торгууль ногдуулахаар заасан байна. Өмнө нь зөвхөн хориглосон цагт архи хэрэглэсэн хүнийг торгодог байсан бол одоо архиар үйлчилсэн газарт мөн арга хэмжээ авахаар тусгажээ. Тус улсад архинд донтох явдал огцом нэмэгдэх болсон тул Засгийн газар ийм арга хэмжээ авах болсноо онцолсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар Тайландын 15 ба түүнээс дээш насны нэг хүнд ногдох архины жилийн дундаж хэрэглээ 8.3 литр бөгөөд энэ үзүүлэлтээрээ Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Вьетнамын дараа  хоёрдугаарт орж байна. Энэ нь дэлхийн дунджаас (5.8 литр) хол давсан үзүүлэлт ажээ. Буддын шашин зонхилдог тус улс хөрш орнуудтайгаа харьцуулахад архины хэрэглээнд онцгой хатуу журам тогтоосоор ирсэн юм. 1972 онд баталсан хуулиар өдрийн 14-17 цагийн хооронд архи худалдаалахыг хориглож, дэлгүүр, үйлчилгээний газрууд энэ хуулийг чанд мөрдсөөр иржээ. Гэсэн хэдий ч онцгой үр дүн гарахгүй, архины хэрэглээ улам нэмэгдэж байгаа тул Засгийн газраас дээрх зохицуулалт хийсэн байна. Тус улсад суугаа Австрали, Их Британи, АНУ зэрэг томоохон орнуудын Элчин сайдын яамд дээрх хуулийн талаар иргэддээ мэдээлэл хүргэж анхааруулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.