Гангийн улмаас Тегеран хотын иргэдийг нүүлгэж шилжүүлж магадгүй байна
Иран улсын ихэнх нутаг, тэр дундаа нийслэл Тегеран хот урьд хожид үзэгдээгүй их гантай байгаагийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж болзошгүй байгаа талаар ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдлээ. Хур тунадас огт орохгүй байгаагаас ус хуримтлуурууд хоосорсон тул иргэдийг ундны усаа нөөцөлж авахыг сануулж байна. Ойрын үед бороо орохгүй бол нийслэлийн усан хангамжийг хязгаарлах бөгөөд энэ арга хэмжээ ч гамшгаас урьдчилан сэргийлэхэд хангалтгүй байх бололтой. “Бид бололцоотой бүх арга хэмжээг авч байгаа ч Тегераны иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй байдалд орж мэдэхээр байна” хэмээн ерөнхийлөгчийн хэлсэн нь Ираны хэвлэл, олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэлтэй тулгарчээ. Тегеран хотын захирагч асан Голямхоссейн Карбаши М.Пезешкяны энэ санаачилгыг “хариуцлагагүй” хэмээн нэрлээд “Тегераныг нүүлгэн шилжүүлэх шиг утгагүй зүйл байхгүй” гэжээ.
Цаг уурчдын мэдээлж байгаагаар, Иранд ойрын 10 хоногтоо лав бороо орохгүй аж. 82 сая хүнтэй Иран улсын нийслэл Тегеран хот 13 сая оршин суугчтай, Азийн хамгийн том хотын нэг юм. Эндхийн хур тунадасны жилийн дундаж хэмжээ 240 мм бөгөөд хуурай цаг агаартай, бороо ховор ордог аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







