Толгой нь 10 сая долларын үнэтэй "алан хядагч" АНУ-д айлчилсан Сирийн анхны ерөнхийлөгч болов
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аш-Шарааг өчигдөр Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Хэдхэн жилийн өмнө Вашингтон түүнийг алан хядагч хэмээн зарлаж, баривчилсан хүнд нь 10 сая долларын шагнал олгохоор амлаж байсныг дэлхийн хэвлэлүүд юуны түрүүнд онцолж байна. “Сирийн ерөнхийлөгч Цагаан ордонд хүрэлцэн ирснээр ерөнхийлөгч Д.Трамптай хийх уулзалт эхэллээ” хэмээн АНУ-ын Засгийн газрын хэвлэлийн мэдээнд товчхон өгүүлжээ. Уулзалтын дараа талууд хамтарсан мэдэгдэл хийгээгүй бөгөөд сэтгүүлчидтэй уулзсангүй. Аш-Шараагийн айлчлал гадаад орнуудын бусад удирдагч нарынхыг бодвол маш даруухан болж байгааг “Reuters” агентлаг тэмдэглэсэн байна. Түүнийг Цагаан ордны хажуугийн хаалгаар оруулсан бөгөөд гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг ерөнхийлөгч ордны баруун жигүүрийн төв хаалган дээр сэтгүүлч, зураглаачдын өмнө хүлээн авдаг уламжлалтай. Уулзалт дууссаны дараа аш-Шараа орж ирсэн хаалгаараа гарч явжээ.
Д.Трамп Сирийн залуу ерөнхийлөгчид талтай байна
Аш-Шараагийн айлчлалыг түүхэн хэмээн хэлж болох бөгөөд учир нь үүнээс өмнө Сирийн нэг ч ерөнхийлөгч АНУ-д албан ёсоор ирж байгаагүй юм. Хамгийн сүүлд АНУ-д айлчилсан Сирийн өндөр дээд албан тушаалтан нь 1999 оны 12 дугаар сард ирсэн тус улсын Гадаад хэргийн сайд Фарук аш-Шараа байв. Түүний АНУ-д ирсэн зорилго нь Израиль улстай хийх энхийн хэлэлцээ байсан юм. Сүүлийн 20 гаруй жилд Сири улс эцэг, хүү Асадын засаглал, иргэний ужиг дайн, дотоодын харгислал, олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдсан явдлыг үзсээр эцэст нь дарангуй дэглэм унахад хүрсэн билээ.
Нийслэл Дамаск хотыг Сирийн дэглэмийн сөрөг хүчин болох “Хайят Тахрир аш-Шам” лалын бүлэглэл өнгөрсөн оны 12 дугаар сард эзлэн авч ерөнхийлөгч Башар Асад ОХУ-д зугтан гарснаар уг бүлэглэлийн удирдагч аш-Шараа Сиритэй харилцаагаа тасалсан дэлхийн олон оронтой холбоо тогтоохыг оролдож ирсэн юм. АНУ-д айлчлахынх нь өмнөхөн аш-Шараа болон Сирийн Гадаад хэргийн сайд Анас Хаттабыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хориг арга хэмжээний жагсаалтаасаа хассан байна. Алан хядагч “Аль-Каида” байгууллагын Сири дэх жигүүр болох “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийн удирдагчдынхаа хувьд тэд 2014 оноос хойш НҮБ-ын хоригт байсан билээ. “НҮБ-ын энэ шийдвэр нь Сири улсыг шинэ эрин үедээ орж байгааг хүлээн зөвшөөрсөн улс төрийн маш хүчтэй дохио боллоо” хэмээн НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгч Майк Уолтц хэлсэн юм.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Вашингтон аш-Шарааг хоригоос гаргахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 14 улсыг сүүлийн хэдэн сарын турш ятгажээ. Улмаар түүнийг баривчлах хүнд амласан 10 сая долларын шагналаа Вашингтон өнгөрөгч оны 12 дугаар сард цуцалсан юм. Ерөнхийлөгч Д.Трамп нэгэн үе алан хядагчдын ангилалд байсан аш-Шарааг Сирийн удирдагч болсноос нь хойш ил тодоор дэмжиж ирсэн (Сирид засаг солигдох үеийн түүний байр суурь эхэндээ өөр байсан) бөгөөд өнгөрөгч тавдугаар сард Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод түүнтэй богино хугацаагаар уулзсаныхаа дараа “Эрч хүчтэй, нас идэр, гал цогтой залуу байна. Зоригтой, дайчин чанартай. Нөхцөл байдлыг хяналтдаа байлгах бүх бололцоо энэ залууд байна” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн билээ.
Сирийг АНУ-ын хатуу хоригоос гаргаж эхлэв
Уулзалтын өмнөхөн Бахрейнд болсон аюулгүй байдлын бага хурлын өмнө, Сирийн асуудлаарх АНУ-ын тусгай төлөөлөгч Том Барак мэдэгдэхдээ аш-Шарааг Вашингтонд айлчлах үеэр лалын алан хядагчй “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх 88 орны эвсэлд Сирийг элсүүлнэ хэмээсэн юм. Тухайн үед Бахрейнд байсан Сирийн Гадаад хэргийн сайд Асад аш-Шибани “Цагаан ордон дахь уулзалтын үеэр хэлэлцэх нэг асуудал нь энэ мөн” хэмээн нотолсон билээ. “Бид өнөөдөр “Исламын улс” бүлэглэлтэй нийтээрээ тэмцэж байна. Энэ чиглэл дэх хэн бүхний хүчин чармайлтад олон улсын дэмжлэг шаардлагатай. Цагаан ордон дахь уулзалтаар талууд хориг цуцлахаас өгсүүлээд олон асуудлыг хэлэлцэнэ” хэмээсэн юм. Хориг цуцлах тухай түүний ярьсны цаана юуны түрүүнд Сирийн энгийн иргэдийг хамгаалах хууль буюу “Цезарийн хууль” байгаа нь лавтай хэмээн “Reuters” агентлаг бичжээ. Сирийн иргэдийг шоронд эрүүдэн шүүж буй гэрэл зургийг гадаадад авч гаран дэлхий нийтэд ил болгосон цагдаагийн ажилтны нууц нэрээр нэрлэсэн энэ хуулийг АНУ-ын Конгресс 2019 онд баталсан бөгөөд үр дүнд нь Б.Асад тэргүүтэй Сирийн Засгийн газрын эсрэг, тус улсын эдийн засагт ихээхэн хохиролтой хэд хэдэн хориг тавигдсан билээ. Энэ хуулийг хүчингүй болгож, хоригийг бүхэлд нь цуцлахад Конгрессын зөвшөөрөл шаардлагатай боловч Д.Трамп, аш-Шараа нарын Цагаан ордон дахь уулзалтын дараа АНУ-ын Сангийн яам зарим хоригийн үйлчлэлийг 180 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Сирийн Гадаад хэргийн сайд өнгөрөгч есдүгээр сард АНУ-д айлчилж, Төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио нарын өндөр тушаалын хүмүүстэй уулзахдаа хориг цуцлуулах хүсэлтийг шаргуу тавьсан гэдэг. Үүний дараа АНУ-ын Сенатын нөлөө бүхий гишүүн Линдси Грэм “Хориг цуцлах асуудлыг парламентад оруулахын өмнө Сири улс “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгдсэн байхаас гадна Израильтай аюулгүй байдлын шинэ гэрээ байгуулах чиглэлд тодорхой алхам хийсэн байх шаардлагатай” хэмээн хэлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







