Олон гадаад хэл сурах тусам хөгшрөлт удаан явагдана
Олон гадаад хэл сурах нь хөгшрөлтийг удаашруулдаг болохыг тогтоосон шинэ судалгаа гарчээ. Ирландын Дублин хотын Тринити их сургуулийн профессор Агустин Ибанезийн удирдсан олон улсын судалгааны баг хэлний хэрэглээ ба хөгшрөлтийн хоорондын холбоог баталгаажуулахын тулд Европын 27 орны 86 мянган хүний (дундаж нас 66.5) дунд судалгаа явуулжээ. Судалгааны баг оролцогчдын бодит нас болон тэдний эрүүл мэнд, амьдралын хэв маягт үндэслэн таамагласан нас хоорондын зөрүүг хэмжиж, зөвхөн эх хэлээрээ ярьдаг байх болон хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг байх нь хөгшрөлтөд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзсэн байна. Судалгааны дүнд олон гадаад хэл эзэмшсэн хүмүүс нь зөвхөн нэг хэлээр ярьдаг хүмүүсээс хоёр дахин удаан хөгширдгийг тогтоожээ. Мөн олон хэл эзэмшсэн хүмүүсийн ярьдаг хэлний тоо нэмэгдэхийн хэрээр хөгшрөлт удааширч байсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Судалгааны баг “Олон гадаад хэл эзэмшсэн байх нь хүмүүсийг хөгшрөхөөс хамгаалах хамгаалалт болж, дэлхийн эрүүл мэндийн стратегид өргөнөөр хэрэглэж болохыг харуулж байна" гэж дүгнэжээ. Гэхдээ энэ нь хөгшрөлтөөс хамгаалах шууд шалтгаан уу эсвэл нийгмийн болон танин мэдэхүйн бусад хүчин зүйлийн үр дүн үү гэдгийг тодорхойлохын тулд цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байгааг тус баг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







