Майкл Жексоны охин хүүхэд залуусыг хар тамхинаас хол байхыг уриалав
Поп хөгжмийн хаан Майкл Жексоны охин, жүжигчин, загвар өмсөгч Парис Жексон мансууруулах бодис хэрэглэснээс болж элдэв гаж нөлөөнд автсанаа хүлээн зөвшөөрч, одоо ийм хорт зуршлаас бүрэн салснаа хэлээд, шүтэн бишрэгчдэдээ хандан энэ мэт ёс бус зүйлээс хол байхыг уриалав. “TikTok” сүлжээндээ нийтэлсэн видео бичлэгтээ тэрбээр мансууруулах бодис их хэрэглэснээс болж хамрын дотор хана нь цоорсныг хүртэл харуулжээ. Улмаар хамрынхаа дотор талыг гар утасныхаа гэрлээр гэрэлтүүлж үзүүлээд "Би одоо хамраараа амьсгалахад исгэрэх мэт чимээ гардаг. Залуус аа, хар тамхинаас хол бай. Энэ хорт зуршил миний амьдралыг сүйтгэсэн" гэжээ. Мөн үүндээ мэс засал хийлгэх хүсэлгүй байгаагаа хэлж, “Учир нь мэс засал хийлгэхийн тулд нойрсуулах эм уух хэрэгтэй болно. Би дахин хэзээ ч ийм эм, тариа хэрэглэмээргүй байна” гэсэн байна. Тэрбээр сүүлийн зургаан жилийн турш мансууруулах бодисоос ангид байгаагаа ний нуугүй ярьж, “Би хар тамхи хэрэглэхээ больсноор хуучин амьдралаа эргүүлэн олж авсан төдийгүй илүү сайхан амьдралтай золгосон” гэжээ. “Friendly House” бол буруу зуршлаас ангижирч буй эмэгтэйчүүдэд зориулсан нөхөн сэргээх хөтөлбөр бөгөөд П.Жексон тус байгууллагатай хамтран ажиллаж, өөрийгөө ялан дийлж, бусдад үлгэр болсныхоо төлөө “Shining Star” шагнал хүртсэн байна. Эцэст нь тэрбээр "Хүмүүсийг хорт муу зуршлаасаа салахад туслах нь бараг миний амьдралын зорилго болсон. Цаашид ч ийм байх болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







