Япон: Шилдэг гэрэл зургийн шагналыг юуны учир хүчингүй болгов?

Япон: Шилдэг гэрэл зургийн шагналыг юуны учир хүчингүй болгов?


   Японд улсын хэмжээний томоохон уралдаанд тэргүүн байрын шагнал хүртсэн гэрэл зургийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн нь илэрч, шагналыг хүчингүй болгосон байна. Тодруулбал “Бүх Японы гэрэл зургийн холбоо” байгууллагаас зохион байгуулсан Сайтама мужийн 42 дахь удаагийн гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн "Ёо ёо, толгой" нэртэй бүтээлийн шагналыг хүчингүй болгож байгаагаа тус холбоо мэдэгдлээ. Уг гэрэл зураг нь мэлхийний толгой дээр соно суусан хормыг буулгасан бөгөөд шүүгчид “Хошин санаа, ховорхон тохиох хором” хэмээн үнэлж тэргүүн байрын шагнал хүртээжээ. Улмаар уг бүтээлийг өнгөрсөн есдүгээр сард Сайтама мужийн Орчин үеийн урлагийн музейд гаргасан үзэсгэлэнд тавьж, тэр даруйд нь “Asahi Shimbun” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлсэн байна. Гэвч удалгүй уг зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэх хардлага цахим орчинд гарах болсон бөгөөд учир нь гэрэл зургийн бүтэц, өнгө ялгарал зэрэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургуудтай төстэй байсан байна. Хардлага, маргаан газар авах болсон тул уралдаан зохион байгуулагчид гэрэл зурагчнаас уг бүтээлээ баталгаажуулахыг шаардахад "Би өөрөө бүтээгээгүй” гэсэн хариулт өгчээ. Эцэст нь зохион байгуулагчид зургийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн эсэхийг баталгаажуулж чадахгүй ч зурагчин нь өөрийн бүтээл биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул шагналыг хүчингүй болгосон байна. Тус холбоо "Уралдаан зохион байгуулагчдын хувьд бид хариуцлагыг бүрэн хүлээнэ. Цаашид гэрэл зургийн уралдаанд шинэ шалгуур тавьж ажиллах болно” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.