Оросын анхны хиймэл оюун ухаантай роботыг танилцуулах үеэр газар унажээ
Гэрэл зураг © Novosiltsev Artur/Moskva Agency

Оросын анхны хиймэл оюун ухаантай роботыг танилцуулах үеэр газар унажээ


   ОХУ-д бүтээсэн анхны хиймэл оюунт, хүн дүрст робот Москва хотод болсон технологийн форум дээр болсон олон нийтэд танилцуулах арга хэмжээний үеэр газар унажээ. Хиймэл оюун хөгжүүлэх ”Idol” компанийн бүтээсэн “Aidol” нэртэй робот “Rocky” киноны хөгжмийн аян дээр тайзнаа өөрөө гарч ирсэн боловч хэдхэн секундын дараа тэнцвэрээ алдан унасан байна. Компанийн ажилтнууд роботыг хар даавуугаар халхлан тайзны ар луу оруулсан нь дүрс бичлэгт үлджээ. “Aidol” роботын ихэнх хэсгийг Оросын дотоодод үйлдвэрлэсэн эд ангиар бүтээсэн хэмээн танилцуулах гэж байсан бөгөөд роботыг холдуулсны дараа зарим эд анги нь салж тайзан дээр үлдсэн байна. Уг роботыг танилцуулах нь хиймэл оюунт робот бүтээх дэлхий нийтийн өрсөлдөөнд Орос улс хоцроогүйг харуулах зорилготой байв. ”Idol” компанийн тайлбарласнаар, робот туршилтын шатандаа байсан бөгөөд “Роботын хийх үйлдлийн тооцоолол дутуу байснаас ийм явдал боллоо. Энэ алдаа манай цаашдын үйл ажиллагаанд сургамж болох нь дамжиггүй” хэмээн компанийн захирал В.Витюхин хэлжээ.

   Дотоодын хиймэл оюун, роботын хөгжүүлэлтийн ололтыг харуулах зорилготой байсан ч, роботын тэнцвэрээ олох чадвар муу, бүрэн дүүрэн дуусгаагүй байхад нь нийтийн өмнө гаргаж ирсэн хэмээн Оросын олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна. Робот унах үеийн бичлэг интернэт орчинд тарснаар, Оросын роботын салбар олон улсад өрсөлдөхөд бэлэн гэдэгт эргэлзэж байгаагаа олон мянган хүн илэрхийлжээ. Харин хөгжүүлэгч компани үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд “Aidol” роботын эд ангийн 77 хувь нь ОХУ-д бүтээгдсэн төдийгүй ойрын үед энэ үзүүлэлтийг 93 хувьд хүргэхээр зорьж байгаагаа тайлбарласан байна. “Манай робот яг хүн шиг инээж, бодож, гайхаж чадна” хэмээн компанийн захирал В.Витюхин танилцуулгын үеэр хэлсэн юм.            

     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.