Өмнөд Солонгос: Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалттай холбоотой сонин хачин
Өмнөд Солонгос улсад өчигдөр 2026 оны их сургуулийн элсэлтийн шалгалт (CSAT) болж өнгөрөв. Орон даяар нэгэн зэрэг өрнөдөг уг шалгалтад төр засаг, байгууллага, хувь хүмүүс онцгой ач холбогдол өгдөг бөгөөд тухайлбал англи хэлний сонсох шалгалтын үеэр онцгой тохиолдлоос бусад үед улс даяар онгоцны нислэгийг 35 минут зогсоож, замын түгжрэл үүсгэхгүйн тулд төрийн албан хаагчдын өглөөний ажлын цагийг нэг цагаар хойшлуулах зэрэг арга хэмжээ авдаг юм. Сурагчдыг шалгалтаас хоцроохгүйн тулд замын цагдаа нар онцгой зохицуулалт хийж, шалгалтаасаа хоцорсон зарим хүүхдийг цагдаагийн машинаар хүргэж өгөх тохиолдол элбэг байдаг. Мөн шалгалтын өглөө эцэг эхчүүд сүм хийдэд очиж хүүхдүүдийнхээ төлөө залбирдаг бөгөөд зөвхөн энэ өдөр сүм хийдийн ачаалал ердийн үеэс 2-3 дахин нэмэгддэг ажээ. Энэ жил 500 мянга гаруй сурагч их сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн байна. Нийт 200 асуулттай шалгалт 8 цаг үргэлжлэх бөгөөд харин харааны болон хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын шалгалт өгөх хугацаа 13 цаг байдаг ажээ. Нөгөө талаар шалгалтын үеэр мухар сүсэг, зан үйлийн чанартай үйлдэл гарах нь элбэг. Тухайлбал шалгалтын өглөө далайн байцайны шөл ууж болохгүй гэх яриа бий. Энэ нь гулгамтгай чанартай далайн байцай идвэл шалгалтад унадаг гэсэн мухар сүсэгтэй холбоотой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







