Япон: Абэ Шинзог буудаж хөнөөсөн хэрэгтний ээж шүүхэд ямар мэдүүлэг өгөв?
2022 оны долоодугаар сард Японы ерөнхий сайд Абэ Шинзог буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Тэцүя Ямагамигийн ээж “Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо” хэмээх шашны байгууллагын үзэл санааг одоо хүртэл бишрэн дагадаг гэдгээ мэдэгджээ. Ээж нь уг шашныг бишрэн шүтэж мөнгө санхүү, эд хөрөнгөнөөс эхлээд хамаг амьдралаа зориулсан, түүнээс болж тэдний гэр бүлд санхүүгийн ноцтой хүндрэл тохиолдсонд Т.Ямагами дургүйцэж, тус сүмийн үйл ажиллагаанд таагүй ханддаг байсан бөгөөд ерөнхий сайд Абэ Шинзо уг байгууллагын үйл ажиллагааг дэмждэгт эгдүүцсэний улмаас энэ хэргийг үйлдсэн болохоо мэдүүлж байсан юм. Өчигдөр болсон шүүх хурал дээр Т.Ямагамигийн ээж мэдүүлэг өгөхдөө "Би одоо ч гэсэн Эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбооны үзэлд итгэдэг” гэсэн байна. Улмаар хүүгийнхээ хийсэн хэрэгт ерөнхий сайд агсан Шинзо Абэ, хатагтай Акиэ Абэ болон төрөл төрөгсдөөс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хүнд хэцүү амьдрал туулж явахдаа дээрх сүмийн талаар олж мэдээд цуглаанд нь оролцож, аажмаар хүүхдүүдээ татан оролцуулахыг оролдож, цаашлаад сүмд нийт 100 сая иений хандив өргөсний улмаас нөхөр, хүүхдүүдтэйгээ зөрчилдөх болсон тухайгаа ярьсан байна. Ээж нь сургалтын төлбөрийг нь сүмд өргөснөөс болж их сургуульд сурч чадаагүй гэдгээ Т.Ямагами мэдүүлсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Ээж минь сүмд явж эхэлснээс хойш миний амьдрал сүйрсэн. Тийм учраас сүмийн үйл ажиллагааг байнга дэмждэг Абэ Шинзог онилж, зориуд энэ хэргийг үйлдсэн” хэмээн ярьсан билээ. Шүүх хурлын үеэр тэрбээр ээж рүүгээ огт харахгүй, толгой гудайн суусаар байв. Одоогоос гурван жилийн өмнө Абэ Шинзог Хоншюү мужийн Нара хотод сонгогчидтой уулзалт хийж явах үед нь Т.Ямагами гар буугаар буудаж хөнөөсөн юм. Өмгөөлөгч нь түүнийг ийм хэрэг үйлдэхэд ээж болон охин дүү, түүнчлэн шашны байгууллага онцгой нөлөөлсөн гэж үзэн тэднийг шүүхэд гэрчээр дуудсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







