Япон хүмүүс гадаадын иргэдэд таагүй хандах болжээ

Япон хүмүүс гадаадын иргэдэд таагүй хандах болжээ


   Японы Ёкохама хотод англи хэлний багшаар ажилладаг Малайзын иргэний гэрийн хаалга болон машин дээр ялгаварлан гадуурхаж заналхийлсэн утга бүхий бичиг наажээ. “South China Morning Post” мэдээлснээр, хаалган дээр "Япончууд бид гаднын цагаачдаас залхаж байна. Бидний төлдөг татвар гадаадын иргэдэд зориулагдаагүй. Даруйхан эх орон руугаа буц" гэсэн үгсийг япон, англи хэлээр бичсэн байжээ. Үүнийг олж харсан малайз багш даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд "Япончуудад муу санасан зүйл надад үгүй. Энд суугаа гадаадын зарим иргэн ёс зүйгүй үйлдэл гаргадгийг мэднэ. Ингэлээ гээд бүх гадаад хүнийг муу хүн гэж дүгнэх ёсгүй" гэжээ. Цагдаа нар түүний гэрийн орчинд эргүүл хийж хяналтаа сайжруулна гэдгээ амласан байна. Сүүлийн үед тус улсад гадаадын иргэдийг үзэн ядах, заналхийлэх явдал гарах болсон нь эдийн засгийн уналт болон гадаад ажилчдыг олноор ажиллуулах болсонтой холбоотой гэнэ. Саяхан Токио хотын нэгэн ресторан “Солонгос, хятад хүмүүст үйлчлэхгүй“ гэсэн бичиг наасан нь шүүмжлэлд өртсөн юм. Мөн өнгөрсөн сард нэгэн япон эмэгтэй "Манай цэцэрлэгт хүрээлэн хятад, солонгос хогоор дүүрчээ” гэсэн үгтэй, өдөөн хатгасан утга бүхий видеог олон нийтийн сүлжээнд нийтэлж, хуулийн байгууллагаас анхааруулга авч байв. Японы Үндсэн хуултнд хэл нэвтрэлцэхгүй байх шалтгаанаар тодорхой үйлчлүүлэгчийг хүлээж авахаас татгалзаж болдог ч үндэс угсаа, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.