Герман: Алдартай бүжигчин ихрүүд сайн дураараа нөгөө ертөнцөд оджээ
Дуу, бүжгийн үзүүлбэр, кинонд бүтээсэн дүрээрээ 1950-60-аад онд Герман, Итали, АНУ-д ихээхэн алдаршиж байсан ихэр Алиса Кесслер, Эллен Кесслер нар Мюнхэний ойролцоо Грюнвальд хот дахь гэртээ нас барсан байхыг олсноо Германы Баварийн цагдаагийн газар мэдээллээ. “Dpa” агентлагийн уламжилснаар, 89 настай ихэр хамтдаа амиа хорлосон бөгөөд үхэлд нь гаднын нөлөө байгаагүй болохыг цагдаагийн газар нотолсон байна. Германд бусдын тусламжтайгаар сайн дураараа үхэлд хүрэхийг тодорхой нөхцөлтэйгээр зөвшөөрдөг. Ингэхдээ хүн энэ үйлдлийг “хариуцлагатай бөгөөд сайн дураараа” хийх, насанд хүрсэн, бие даан шийдвэр гаргах чадвартай байх ёстой байдаг байна.
Алиса Кесслер, Эллен Кесслер нар Лайпцигийн ойролцоо Нэрхау хотод 1936 онд төржээ. Багаасаа балетаар хичээллэсэн тэд 1952 онд буюу 16 настайдаа Зүүн Германаас явж, Баруун Германы Дюссельдорф хотод суурьшсан бөгөөд 1959 оны “Eurovision” уралдаанд Герман улсыг төлөөлөн оролцсон юм. Улмаар алдар нэр нь Германы хил хязгаараас хальснаар тэд дэлхийн томоохон орнуудын тайзнаа Фрэнк Синатра, Фрэд Астер нарын одуудтай хамт гарах болжээ. Мөн Америкийн телевизийн “Ed Sullivan Show” зэрэг алдартай нэвтрүүлгүүдэд оролцож, “LIFE” сэтгүүлийн нүүрэнд гарсны зэрэгцээ уран сайхны 10 гаруй кинонд тоглосон байна. Үлдээсэн гэрээслэлдээ тэд чандрыг нь нэг бумбанд хадгалахыг захисан гэдгийг "Bild” сэтгүүл мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







