Франц улс Украинд 100 ширхэг “Rafale” сөнөөгч онгоц нийлүүлэхээр болов
Парист айлчилж буй Украины ерөнхийлөгч В.Зеленский Францаас 100 ширхэг “Rafale” сөнөөгч онгоц, нисгэгчгүй онгоц буюу дрон, агаарын довтолгооноос хамгаалах систем худалдаж авах харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Украины урт хугацааны аюулгүй байдлыг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Франц улс эдгээрийг Киевт ирэх 10 жилийн хугацаанд нийлүүлэх бөгөөд Елисейн ордонд болсон гарын үсэг зурах ёслолын дараа В.Зеленский энэ талаар хэлэхдээ “Түүхэн үйл явдал” хэмээн тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр Киев юуны түрүүнд 100 ширхэг “Rafale” онгоц, тус бүр нь пуужин хөөргөх зургаан төхөөрөмж бүхий агаарын довтолгооноос хамгаалах SAMP/T систем наймыг авах ажээ. Ерөнхийлөгч Э.Макрон “Хоёр улсын харилцаанд гарсан шинэ алхам" хэмээн энэхүү явдлыг үнэлээд, санамж бичгийн дагуу байгуулах гэрээнд бүрэн зэвсэглэл бүхий хамгийн сүүлийн үеийн тийрэлтэт сөнөөгч онгоцууд, нисгэгч бэлтгэх сургалт, дадлагын хөтөлбөр багтана гэдгийг тэмдэглэсэн байна. Мөн нисгэгчгүй онгоц, тэдгээрийг амдан устгах төхөөрөмж, залууртай бөмбөг, агаараас эсэргүүцэн хамгаалах шинэ үеийн системийн эхний нийлүүлэлтийг ирэх гурван жилд багтаан хийхээр тохиролцжээ.
“Rafale” бол Францын хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоц бөгөөд маневрлах болон байлдааны чадвар, үр дүн өндөр, сүүлийн үеийн технологийн, олон үүрэгтэй байлдааны онгоц юм. Тус бүр нь дор хаяж 85 сая еврогийн үнэтэй уг онгоцыг Франц улс Ойрх Дорнод, Африкийн орнуудад явуулж буй цэргийн ажиллагаандаа ашиглаж байна. Үйлдвэрлэгч “Dassault Aviation” компани нь 1986 оноос хойш 500 гаруй онгоц борлуулсныхаа 300 орчмыг Египет, Энэтхэг, Катар, Грек, Хорват, Арабын Нэгдсэн Эмират, Серби, Индонез улсад экспортолжээ. “Rafale” онгоцыг Киевт нийлүүлэх хуваарь хараахан гараагүй байгаа бөгөөд нисгэгч сургахад над зах нь гурван жил шаардагдана хэмээн Францын Засгийн газрын албаны хүн хэлсэн байна.
Өнгөрсөн сард Швед улс Украинд 150 ширхэг “Gripen” сөнөөгч онгоцыг дараагийн арван жил ба түүнээс дээш хугацаанд нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Киев мөн Америкт үйлдвэрлэсэн F-16 болон Францын “Mirage” онгоцыг хүлээж авсаар байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







