Сергей Шойгугийн амь насанд халдах оролдлогыг таслан зогсоожээ
Гэрэл зураг © Наталия Губернаторова

Сергей Шойгугийн амь насанд халдах оролдлогыг таслан зогсоожээ


   Украины тусгай албадын захиалгаар Кремлийн өндөр албан тушаалтны амь насанд халдахаар бэлтгэж байсан алан хядах бүлгийн ажиллагааг таслан зогсоосноо ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өнгөрөгч 14-ний өдөр мэдээлсэн билээ. Тэгвэл амийг нь хөнөөхийг төлөвлөсөн тэрхүү албан тушаалтан нь ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу байсан хэмээн “Московский комсомолец" сонин өнөөдөр мэдээллээ. С.Шойгу тухайн үед Москвагийн Троекуровын оршуулгын газарт очиж хамаатныхаа хүний хөдөөлүүлэх ёслолд оролцох байсан бөгөөд гэмт этгээдүүд чухам тэр үед түүний амь насанд халдахаар бэлтгэж байжээ. “Московский комсомолец" сонинд Холбооны аюулгүй байдлын албаны өгсөн мэдээллээр бол Украины тусгай алба уг ажиллагаанд Төв Азийн орны хууль бус цагаач нэг иргэн хийгээд өмнө нь ял эдэлж байсан, хар тамхины хэрэглээнээс хамааралтай ОХУ-ын хоёр иргэнийг оролцуулахаар элсүүлсэн байжээ. Тэдгээр гурван хүнийг бүгдийг баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэднээс Украины зуучлагчтай харилцаж байсан холбооны хэрэгсэл болон ваартай цэцгэн дотор нуусан, зайнаас удирддаг бичил камер хураан авчээ. Уг камер нь оршуулгын газрын байр байдлыг хянах төдийгүй бичлэгийг хилийн чанадад шууд илгээх боломжтой байсан гэнэ. Холбооны аюулгүй байдлын алба мөн үүнтэй төстэй хэд хэдэн гэмт хэрэг ОХУ-ын бүс нутгуудад бэлтгэгдэж байгаа тухай мэдээлэл олж авсан хэмээн “Московский комсомолец" сонинд бичсэн  байна.                  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.