Украины дайныг дэмжсэний улмаас дэлхийн томоохон театруудад дуулах эрхгүй болов
Гэрэл зураг © "Риа Новости"

Украины дайныг дэмжсэний улмаас дэлхийн томоохон театруудад дуулах эрхгүй болов


   Москвагийн Большой театрын ерөнхий захирал, дэлхийд алдартай удирдаач Валерий Гергиевийг Италид тоглохыг нь хориглосны дараа ОХУ-ын дуурийн нэртэй дуучин Ильдар Абдразаковын тухайд мөн ийм шийдвэр гарсан талаар Италийн хэвлэлүүд мэдээллээ. Европын парламентын дэд дарга, Италийн иргэн Пина Пичерно энэ талаар мэдэгдэхдээ “Путин хийгээд Кремлийн суртал ухуулгын машиныг бид дахин нэг удаа яллаа” гэсэн байна. Украинд хийсэн Оросын халдлагыг дэмжсэн гэх шалтгаанаар И.Абдразаковыг ирэх 2026 оны нэгдүгээр сард Италийн Верона хотын театрт “Дон Жуан” дуурийн гол дүрд тоглох байсныг цуцалсан тухайд түүний хэлсэн нь энэ юм. 2023 оны гуравдугаар сард И.Абдразаковыг Нью-Йорк, Бостонд болох тоглолтоос хассан бол зургаадугаар сард Германы Мюнхэний дуурийн театрт тоглох байсныг нь цуцалж, оронд нь Украины дуучин Александр Цымбалюкийг дуулуулсан билээ. Мөн Италийн Неаполь хотын “Sant Carlo” театр түүнтэй хамтран ажиллахаас татгалзаж “Аттила”, “Дон Карлос” дууриудаас нэрийг нь хассан юм. Тэгвэл энэ удаа, дуурийн тоглолт зохион байгуулдаг “Verona Arena” сан мөн түүний нэрийг хөтөлбөрөөсөө хассаныг мэдэгдэв. Веронад И.Абдразаковын тоглохыг хориглох санаачилгыг Италийн “Liberi Oltre le Illusioni” нийгэмлэг гаргасан бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путиныг идэвхийлэн дэмжсэн хэмээн түүнийг буруутгахын сацуу “Өнгөрсөн жил Неапольд тоглохыг нь хориглосоор байтал Италийн тайзнаа буцан гарахыг чармайж байна” хэмээн мэдэгдсэн юм.

   Бас-баритон хоолойтой И.Абдразаков 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр В.Путины итгэлт хүмүүсийн тоонд орсон бөгөөд удалгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Соёл, урлагийн хорооны гишүүнээр томилогдсон билээ. 49 настай тэрбээр өдгөө ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг болох Крымийн Севастополь хотын Улсын дуурь, бүжгийн театрыг удирдаж байна. Украины дайнаас өмнө И.Абдразаков Лондоны “Covent Garden”, Нью-Йоркийн “Metropolitan Opera” зэрэг дэлхийн томоохон театруудад тоглодог байв.

   Барууны театруудад тоглох эрхээ хасуулаад байсан ОХУ-ын дуурийн хамгийн алдартай дуучдын нэг Анна Нетребкогийн хувьд саяхнаас энэ эрх нь буцан сэргэж байна. Тэрбээр Донецкийн салан тусгаарлагчдийг дэмжиж, Кремльд ойр байсандаа харамссан мэдэгдэл хийсний дараа Италийн Неаполь, Швейцарын Цюрихийн театрууд түүнд урилга илгээсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.