Дубайд аяга нь 1000 долларын үнэтэй кофе худалдаж эхлэв
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын “Julith Coffee” кафед аяга нь 3600 дирхам буюу 1000 гаруй долларын (3.6 сая төгрөг) үнэтэй кофе худалдаж эхэлжээ. “Independent” сонины мэдээлснээр, уг кофег Панамын баруун нутгийн Бару галт уулын бэлд ургадаг ховор төрлийн кофены ургамлын "Nido 7 Geisha" хэмээх үрээр хийдэг бөгөөд нэг удаагийн хураалтаар цөөн хэдэн кг ургац авдаг байна. “Julith Coffee” энэ жил Панамд болсон дуудлага худалдаагаар 20 кг үр худалдан авчээ. Уг дуудлага худалдаанд хэдэн зуун оролцогч өрсөлдөж 549 удаа үнэ хаялцсанаар нэг удаагийн ургац 2.2 сая дирхамаар (2.2 тэрбум төгрөг) зарагдсан нь түүхэн дээд үнэ болсон байна. “Julith Coffee” кафе худалдаж авсан үрээрээ 400 аяга кофе чанах бөгөөд дээжээс нь АНЭ-ын ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактумд барихаар төлөвлөжээ. Сайн чанарын кофенд дурлагч Эмиратын баян иргэд болон Азийн орнуудаас “Julith Coffee” кафед үр худалдаж авах санал олноор ирсэн ч бүгд татгалзсан хариу авсан хэмээн “Independent” сонин мэдээлсэн байна. Кафег нээсэн Туркийн иргэн Серкан Сагсоз өмнө нь Истанбулд мөн ийм төрлийн бизнес эрхэлж байсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







