Польш улс Оросын сүүлчийн Консулын газрыг хаав
Гэрэл зураг © BBC News

Польш улс Оросын сүүлчийн Консулын газрыг хаав


   Өнгөрсөн ням гарагт Польшийн хоёр мужид төмөр зам дэлбэлсэн хэргийг Москва зохион байгуулсан хэмээн үзэж буйн улмаас Варшав Гданьск хот дахь ОХУ-ын Консулын газрыг хаахаар болсноо өнөөдөр зарлалаа. Ингэснээр Польшид ар араасаа хаагдаж буй ОХУ-ын Консулын газруудын хамгийн сүүлийнх нь энэ болов. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорски парламентад үг хэлснийхээ дараа дээрх шийдвэрийг албан ёсоор зарлахдаа “Энэ нь манай улс ОХУ-тай дипломат харилцаагаа тасалсан гэсэн үг биш бөгөөд хорлон сүйтгэх ажиллагааны хариуд авч буй арга хэмжээний эцсийнх ч биш” хэмээн мэдэгджээ. Төмөр замд болсон дэлбэрэлт болон түүнээс урган гарч буй нөхцөл байдлын талаар Р.Сикорски парламентад үг хэлэхдээ “Оросын тагнуулын алба бохир ажлаа хийхийн тулд барилгын ажлын гэрээт гүйцэтгэгчдийг хуурамч байгууллагын нэрийн өмнөөс хөлсөлдөг. Энэ удаад өмнөх шигээ ийм аргаар, гэхдээ хорлон сүйтгэх үйлдэл биш, төрийн эсрэг алан хядах ажиллагаа зохион байгууллаа” хэмээн хэлжээ. Мөн ОХУ-ын энэ үйлдлийн эсрэг дипломат төдий биш бусад арга замаар хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Өнөө орой тэрбээр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзан энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш Европын холбооны Гадаад хэргийн сайд нарт мэдээлэл өгөхөөр болжээ. Польш улс мөн Оросын дипломатчидын хөдөлгөөнийг Шенгений бүсэд хязгаарлахыг холбоотнууддаа уриалахаар төлөвлөж байна. Европын холбооны улсуудад Оросын 2000 дипломатч ажилладаг бөгөөд тэдний 40 хүртэлх хувь нь дипломат статустайгаа нийцэхгүй ажил эрхэлдэг хэмээн Р.Сикорскийн онцлон тэмдэглэснийг “Reuters агентлаг уламжиллаа.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.