Луврын музейд шинээр 100 камер суурилуулна
Лу.рын музейн захирал Лоранс дө Кар Үндэсний ассамблейн Соёл, урлагийн байнгын хорооны сонсгол дээр. Гэрэл зураг © Associated Press

Луврын музейд шинээр 100 камер суурилуулна


   Өнгөрөгч 10 дугаар сард 100 гаруй сая долларын үнэт эдлэлүүдээ алдаад одоо хүртэл олоогүй байгаа Луврын музей хулгайгаар нэвтрэхээс хамгаалах систем, хяналтын шинэ камерууд суурилуулахаар зэхэж байгаа талаар музейн захирал Лоранс дө Кар өнөөдөр мэдээллээ. Түүний хэлснээр, Лувр энэ оны эцэс гэхэд 100 гаруй камер шинээр суурилуулах бөгөөд хулгайгаар нэвтрэхээс хамгаалах системийг ирэх хоёр долоо хоногт багтаан ашиглалтад оруулах ажээ. Хамгаалалтын систем найдвартай гэдгийг Лоранс дө Кар онцолсон боловч нарийн тодорхой зүйл хэлээгүй байна. Мөн түүний хэлснээр, камерууд музейн орчин тойрныг бүрэн хянана гэнэ. "Үнэхээрийн цочролд оруулж, маш нухацтай дүгнэлт хийхэд хүргэсэн энэ үйл явдлын дараа бид ийнхүү шийдвэртэй арга хэмжээ авч байна” хэмээн Лоранс дө Кар Францын парламентын доод танхим Үндэсний ассамблейн Соёл, урлагийн байнгын хорооны сонсголд оролцохдоо хэлсэн бөгөөд музейд аюулгүй байдлын зохицуулагчийн орон тоо шинээр бий болгох гэх зэрэг 20 гаруй онцгой арга хэмжээ авах шийдвэр гаргаснаа тайлагнажээ.

   Музейгээс энэ жил хэрэгжүүлж эхэлсэн “Луврын дахин сэргэлт” хэмээх 800 сая еврогийн өртөгтэй 10 жилийн төлөвлөгөөний нэг хэсэг нь аюулгүй байдлын шинэчлэл аж. Энэ төслийн хүрээнд музейн дэд бүтцийг сайжруулахаас гадна “Мона Лиза” зургийг байрлуулсан танхимын хэт ачааллыг бууруулж, уг зургийг 2031 он гэхэд тусгай танхимтай болгох аж. Сүүлийн жилүүдэд Луврын музей жуулчдын хөлд дарагдаж байгаа тул өдөрт хүлээж авах үзэгчдийн тоог 30 мянга болгон хязгаарласан байна. Луврын алдарт шилэн пирамидыг 1989 онд ашиглалтад оруулахдаа жилд дөрвөн сая үзэгч хүлээж авахаар тооцож байжээ. Тэгвэл 2025 оны эхний 10 сарын байдлаар Луврыг найман сая хүн үзсэн гэнэ.        


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.