АНУ: Пентагоны тэргүүн алсын зайнаас нисдэг тэрэг жолоодож үзүүлэв

АНУ: Пентагоны тэргүүн алсын зайнаас нисдэг тэрэг жолоодож үзүүлэв


   АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгзэт алсын зайнаас байлдааны нисдэг тэрэг удирдан нисгэж буй бичлэгийг тус яам олон нийтэд танилцуулав. Пентагоны харьяанд байдаг Батлан хамгаалахын төсөл, судалгааны төвд хийсэн бичлэгээс үзвэл, П.Хэгзэт уг төвийн удирдлагын байранд байрлуулсан мэдрэгчтэй дэлгэц дээр хуруугаараа даран нисдэг тэргийг жолоодож байх аж. “UH-60 Black Hawk” нисдэг тэрэгний бүхээгт аюулгүй байдлын хамгаалалт болгож армийн хоёр нисгэгчийг суулгасан бөгөөд тэд жолоонд огт гар хүрэхгүй, П.Хэгзэт нисдэг тэргийг бүрэн удирдаж байв. “Lockheed Martin” компанид бүтээсэн автомат систем нь мэдрэгчүүд, хиймэл оюун болон машин сургалт хэмээн нэрлэдэг орчин үеийн технологиос бүрдсэн бөгөөд хамгийн цөөн хүнтэйгээр болон хүнгүй ажиллах бололцоог нисдэг тэргэнд олгодог ажээ. 

   Урт хугацаагаар ашиглах цэргийн онгоцыг сайжруулах чиглэлд томоохон дэвшил гарч, уламжлалт гар удирдлагаас алсын удирдлагад шилжих бололцоо нээгдэж буйг Пентагоны удирдагчийн энэхүү танилцуулга харуулж байна. Улмаар шархадсан цэргүүдийг байлдааны бүсээс хохирол багатайгаар нүүлгэн шилжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. “UH-60 Black Hawk” нисдэг тэргийг АНУ-ын арми 50 дахь жилдээ хэрэглэж байгаа юм. 7.62 мм-ийн хоёр автомат буугаар зэвсэглэсэн энэ нисдэг тэрэг багийн дөрвөн гишүүнийг оролцуулаад нийт 11 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай ажээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.