Дуучин Мишээл казах хэлээр дуу зохиож дуулна
Мишээл хэвлэлийн бага хурлын үеэр. Гэрэл зураг © Sоltan Zhexenbekоv / Kazinfоrm

Дуучин Мишээл казах хэлээр дуу зохиож дуулна


   Казахстанд болсон “Silk Way Star” олон улсын уралдааны тэргүүн байрын эзэн Монголын дуучин Мишээл казах хэлээр дуу зохиож дуулах хүсэлтэй байгаагаа ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. “Казинформ” агентлагийн мэдээлснээр, тэрбээр дуугаа хэдийнэ зохиож эхэлсэн гэнэ. “Дуу зохиох ажил эхэлсэн. Би Казахын соёлд үнэхээр хайртай. Казах хэл маш сайхан хэл, би сурахыг хүсч байна. Үүний тулд юуны түрүүнд казах хэлээр дуу зохиож дуулъя гэж шийдсэн” хэмээн Мишээл хэлжээ. Тэрбээр мөн “Silk Way Star” уралдаанд Казахстан улсаас оролцсон АЛЕМ буюу Батырхан Маликовтой хамтран ажиллах бодолтой байгаа аж. “Түүнтэй хамтран дуу дуулах боломж олдвол маш их баярлах байна. Монгол, Казахстаны ард түмэн дэлхийд соёлоо таниулахын тулд хөгжим төдийгүй кино, энтертэйнмэнт зэрэг бусад бүтээлч салбарт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн Мишээл хэлсэн байна. Олон улсын хэмжээний энэ томоохон уралдаанд хүчээ сорьж туршлага хуримтлуулсандаа тэрбээр бусад оролцогч болон шүүгчдийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлжээ. “Эцсийн шалгаруулалт маш сайхан болсон. Даанч уралдаан үүгээр дууссанд бага зэрэг гунигтай байна. Гэхдээ ирэх жил дахин оролцвол баяртай байх болно” хэмээн түүний хэлснийг “Казинформ” агентлаг уламжилсан байна. “Silk Way Star” олон улсын уралдааны дараагийнх Хятад улсад болно гэдгийг зохион байгуулагчид нь уг хэвлэлийн бага хурлын үеэр зарласан юм.                


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.