Энэтхэг: Ой санамжаа алдсан эр 45 жилийн дараа эрүүл болж ах дүү нараа олж уулзжээ
Автомашины осолд орж толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас ой санамжаа алдсан энэтхэг эр 45 жилийн дараа санамсаргүй тохиолдлоор ой ухаан нь сэргэн хэвийн болжээ. “The Times of India” сонины мэдээлснээр, тэртээ 1980 онд 16 настай Рики хүү автомашины осолд орж тархиндаа гэмтэл авсны улмаас ой санамжаа бүрэн алдаж, эцэг эхээ мэдэхгүй, тэр ч бүү хэл өөрийнхөө нэрийг ч санахгүй болсон байна. Рики осолд орохоосоо өмнө эцэг эхээсээ тусдаа байр хөлслөн амьдарч, зочид буудалд үйлчлэгчээр ажилладаг цовоо сэргэлэн хүү байсан бөгөөд ой санамжаа алдсаны дараа, амьдарч байсан байрнаасаа нүүж аав ээжээсээ холбоо тасарсан байна. Тэрбээр Мумбай хотод шилжин суурьшаад, Рави Чоудхури хэмээх шинэ нэр авч, хар бор ажил хийн амьжиргаагаа залгуулах болжээ. Улмаар нас биед хүрч гэр бүл зохиогоод хоёр охин, нэг хүү төрүүлсэн байна. Энэ хооронд аав ээж хоёр нь хүүгээ эрж хайсаар арга мухардсан байв.
Харин эдүгээ 60 нас хүрсэн Рики саяхан дахин осолд орж, мөн л толгойгоо гэмтээжээ. Гэтэл энэ явдал түүнд аз завшаан болж, ослын дараагаас бага насны амьдрал, тэр ч бүү хэл амьдарч байсан гэр орон, төрөлх тосгоноо санах болсон байна. Улмаар төрөлх тосгоных нь дүр зураг зүүдэнд нь байнга буух болжээ. Тиймээс зүүдэндээ харсан газруудаа судалж явсаар нэгэн танил кафены утасны дугаар олж холбоо барьснаар ах дүү, хамаатан садантайгаа холбогдож чадсан аж. Өнгөрсөн сарын 15-ны өдөр Рики эхнэр хүүхдүүдийнхээ хамт төрсөн нутагтаа зочилж, ах дүү, ойрын хамаатан садантайгаа уулзсан байна. Харамсалтай нь эцэг эх хоёр нь хорвоог орхисон байв. Түүний дүү Дурга Рам "Би ахыгаа аль эрт өөд болсон гэж бодож байсан. Хагас зуун жилийн дараа ах минь бидний өмнө зогсож байгааг харах үнэхээр сайхан байна. Үүнийг л гайхамшиг гэх байх даа” гэжээ. Энэ явдлын талаар сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн хэлэхдээ "Ой санамжаа алдсан хүн осол гэмтлийн дараа сэргэх нь ховор байдаг. Тодорхой шалтгааныг нь эмнэлгийн үзлэгээр л тодруулж болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







