Хятадын алдартай зохиолч өнөөдөр Монголд ирнэ
Лиү Жэньюнь

Хятадын алдартай зохиолч өнөөдөр Монголд ирнэ


   Хятадын орчин цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг, профессор Лиү Жэньюнь өнөөдөр манай улсад ирнэ. Тэрбээр "Гурван намраас урт ганц өдөр" романыхаа Монгол дахь нээлтэд оролцох бөгөөд орчуулагч М.Чимэдцэеэ өнгөрсөн жил уг романыг монголоор хөрвүүлэн хэвлүүлсэн төдийгүй орчуулагч Ж.Гэндэндарамын нэрэмжит "Билигт гүүш" шагналыг хүртсэн юм. Зохиолч Монголд ирснээсээ хойш хэд хоногийн дараа буюу 19-нд Франц улсад очиж, ЮНЕСКО-гийн төв байранд Францын нэрт зохиолч Марк Лэвитэй хамтран Хятад-Европын дугуй ширээний ярилцлагад оролцоно гэдгийг М.Чимэдцэеэ Фэйсбүүк хуудсандаа зарлажээ. Монголд ирэхээсээ өмнө Лиү Жэньюнь Вьетнам улсад зочилж, тэнд орчуулагдан хэвлэгдсэн романыхаа нээлтийн ёслолд оролцсон байна. Лиү Жэньюнийн хамгийн алдартай зохиол болох “Түмэн үгтэй тэнцэх ганц үг” (Someone To Talk To) романыг мөн М.Чимэдцэеэ орчуулсан юм. Хятадын хөдөө тосгоны эгэл борчууд хоорондын ээдрээ төвөгтэй харилцаа, хүний мөс чанар, хувь тавилан, ганцаардал, гаслан зовлон, гуниг харуусал, учрал хагацлын түүхийг дэлгэн өгүүлсэн уг романыг судлаач, шүүмжлэгчид “Хятадын «Зуун жилийн ганцаардал»” хэмээн үнэлдэг байна. Роман 2011 онд Хятадын утга зохиолын дээд шагнал Мао Дүний шагналыг хүртсэн бөгөөд англи, франц, испани, итали, орос, швед зэрэг дэлхийн 20 гаруй хэлээр орчуулагдан гарчээ.

Хэвлэгдээд хэдхэн хонож буй Лиү Жэньюнийн “Salty Jokes” романы сурталчилгаа Бээжин хотын төв гудамжнаа.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.