Швейцар улс хүн амынхаа тооны дээд хязгаарыг 10 сая болгоно
Швейцарын иргэдийн тал хувь нь тус улсын хүн амын тоог хуулиар тогтоож 10 саяас илүүгүй байлгахыг дэмжиж байгаа талаар “Bloomberg” агентлаг мэдээлэв. Тус улсын Ардын нам (Schweizerische Volkspartei) ийм хууль санаачлан парламентад оруулахаар төлөвлөж буй бөгөөд санал асуулгад оролцсон хүмүүсийн 48 хувь энэ санаачилгыг дэмжсэн хэмээн мэдээлснийг “Bloomberg” агентлаг уламжилжээ. Хууль батлагдвал Европын холбоотой тус улсын хийсэн хэд хэдэн гэрээ, тухайлбал харилцан визгүй зорчих тохиролцоо хөндөгдөнө гэдгийг агентлаг тэмдэглэсэн байна. Швейцарын хүн ам өнөөдөр есөн сая гаруй байгаа бөгөөд үүний дөрөвний нэг нь гадаад хүмүүс юм. Улмаар 2025 он гэхэд хүн ам 10 саяыг давна хэмээн шинжээчид таамаглаж байна. Парламентын 200 суудлын 62-ыг эзэлдэг Ардын нам санаачилсан хуулиа ирэх жил өргөн барина гэнэ. Үндсэрхэг консерватив үзэлтэй уг нам 2009 онд исламын шашны сүм барихыг хориглох санаачилга гарган олон нийтийн санал асуулга явуулсан нь тус улсын иргэдийн олонхын дэмжлэгийг хүлээсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







