Австрали: Лалын террористуудын халдлагыг зогсоосон баатар эр мөн лалын шашинтан байжээ
Австралийн Сиднэй хотын Бондай наран шарлагын газарт лалын шашинт эцэг, хүү хоёр халдлага үйлдэж, 50 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарах үед гэмт этгээдээс бууг нь булаан авч саатуулан олон хүний амь аварсан баатар эр нь Сирийн цагаач, лалын шашинтан, 43 настай Ахмед аль-Ахмед гэгч байжээ. Хэрэг гарсан газрын ойролцоо жимсний дэлгүүр ажиллуулдаг, хоёр хүүхдийн эцэг тэрбээр амь насаараа дэнчин тавьж халдлага үйлдэгчийг зогсоосон бөгөөд тэдэнтэй тэмцэлдэж байх үедээ мөрөндөө хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн юм. Аль-Ахмед халдлага үйлдэгч Сажид Акрамтай тэмцэлдэн бууг нь булааж авах үед ойролцоох зайнаас уг этгээдийн хүү Навид Акрам түүнийг буудаж шархдуулсан байна. Мөрөндөө 4-5 удаа буудуулж, хоёр удаа хагалгаанд ороод буй Аль-Ахмедийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Олон хүний амийг аварсан зоригт эрийг би хүндэтгэж байна" гэжээ. Гэмт этгээдүүд нь исламын хэт даврагч үзлийг дэмжигчид байсан бөгөөд машинаас нь ISIS бүлэглэлийн далбаа олдсон байна. Халдлага үйлдэгч Сажид Акрам нь анх 1998 онд Австрали улсад оюутны визээр орж ирээд улмаар байнгын оршин суугч болсон байна. Хохирогчдын дунд Украины цагаач, 87 настай Алекс Клейтманаас гадна 10 настай хүүхэд байжээ. Эмгэнэлт явдлын дараа Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэхдээ "Еврейн эсрэг үзэл бол аядуу зөөлөн удирдлагатай улс оронд маш амархан тархдаг хорт хавдар юм. Австралийн засгийн газар энэ өвчний тархалтыг дуугүй хараад сууж байсны уршиг энэ аймшигт халдлагаар илэрлээ” хэмээн шүүмжилсэн байна. Харин Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз эмгэнэлт явдлыг "Еврейн эсрэг жигшүүрт гэмт хэрэг" гээд, үүний эсрэг тууштай арга хэмжээ авахаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







