Сирийн дарангуйлагч асан Башар аль-Асад Москва хотод элбэг хангалуун амьдарч байна
Жилийн өмнө босогчдын хүчтэй эсэргүүцлээр албан тушаалаасаа бууж, гадаад улс руу дүрвэсэн Сирийн дарангуйлагч асан Башар аль-Асад өдгөө ОХУ-д элбэг хангалуун амьдарч байгаа тухай Их Британийн “The Guardian” сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр Башар Асад гэр бүлийнхээ хамт Москва хотын Рублевка хэмээх тансаг зэрэглэлийн орон сууцны хороололд аж төрж байгаа аж. 2014 оны Евромайданы хувьсгалын үеэр эрх мэдлээсээ зайлуулагдсан, Оросыг дэмжигч, Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович мөн энд амьдарч байгаа гэнэ. Тус сонин "Б.Ассадын гэр бүл мөнгө санхүүгийн бэрхшээлгүй, элбэг хангалуун амьдарч байна" гэжээ. 2011 онд түүний дэглэм засгийн газрын эсрэг жагсаалыг харгис хэрцгийгээр дарснаас болж улс орон даяар иргэний дайн дэгдэхэд барууны орнууд Сирийн эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авсан бөгөөд энэ үед Б.Ассад хувийн хөрөнгийнхөө нэлээд хэсгийг ОХУ-руу шилжүүлсэн гэдэг. Харин Кремлийн ойрын эх сурвалж хэлэхдээ, Башар Ассад ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Оросын удирдагчдын хувьд онцын ач холбогдолгүй, нөлөө бүхий хүний тоонд орохгүй байгааг дурджээ. Б.Ассад нь 1980-аад онд Дамаскийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийг дүүргэж, 1990 онд Лондонд нүдний эмчийн мэргэжил эзэмшсэн байна. Улмаар 1971-2000 онд Сирийг захирч байгаад өөд болсон эцгийнхээ эрх мэдлийг өвлөн авч олон жил ганцаар засаглажээ. 2011 оны гуравдугаар сард "Арабын хавар" хөдөлгөөн Ойрх Дорнодыг бүхэлд нь хамарч түүний дэглэмийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болоход босогчдыг хүч хэрэглэн дарж, ОХУ болон Ираны дэмжлэгээр эрх мэдлээ хадгалж үлдсэн. Гэвч босогчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэнэтийн дайралт хийж 11 хоногийн дотор дэглэмийг нураахад тэрбээр Оросын цэргийн онгоцоор Москва руу зугтсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







