Хятад: Ажлын цагаар ариун цэврийн өрөөнд олон удаа орсон ажилтныг ажлаас нь халжээ
Ажлын цагаар ариун цэврийн өрөөнд хэтэрхий удсан ажилтныг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж Хятадын шүүх үзжээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Жянсу мужийн нэгэн компанийн гэрээт ажилчин Ли овогт нэг сарын хугацаанд ажлын цагаар 14 удаа ариун цэврийн өрөөнд орж, нэг удаадаа нэг цаг орчим хугацаа зарцуулсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдсан байна. Компанийн зүгээс түүнийг байнга ажил тасалдаг, ажилдаа ирсэн үедээ ариун цэврийн өрөөнд уддаг тул ажил гүйцэтгэлд ноцтой саад учруулсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Харин Ли овогт шамбарам өвчний улмаас угаалгын өрөөнд удах шаардлага гардаг тул ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандаж, 320 мянган юань нэхэмжилсэн бөгөөд эм авсан төлбөрийн болон эмнэлэгт хэвтсэн баримт зэргийг нотолгоо болгон хавсаргажээ. Харин компанийн зүгээс түүнийг ариун цэврийн өрөөнд удаан хугацаагаар байсныг нотлох үүднээс камерын бичлэгийг нотлох баримт болгосон байна. Жянсу мужийн шүүх энэ хэргийг авч хэлэлцээд Ли овогтын ариун цэврийн өрөө ашигласан цаг нь хүний физиологийн хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзжээ. Шүүх "Эмнэлгийн бүртгэлээс харахад Ли нь ариун цэврийн өрөөнд хэтэрхий удаан байдаг болох нь тогтоогдсон бөгөөд тэрбээр өмнө нь эрүүл мэндийн байдлынхаа талаар компанид мэдэгдээгүй, өвчний чөлөө авах хүсэлт гаргаагүй байсныг мөн харгалзан үзсэн" гэжээ. Мөн түүнээс гадна хөдөлмөрийн гэрээнд “Удаан хугацаагаар ажлын байраа орхисон бол ажил тасалсанд тооцох бөгөөд зургаан сарын дотор нийтдээ гурав ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэсэн заалтыг үндэслэн ажлаас халсан нь хууль ёсны гэж үзжээ. Харин түүнийг тус компанид олон жил тогтвортой ажилласан, ажилгүй болсны улмаас санхүүгийн хүндрэлд орсон зэргийг харгалзан үзэж, ажлаас халагдсаны тэтгэмжид 30 мянган юань олгохоор шийдвэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







