АНУ: Рестораны ажилчид байнгын үйлчлүүлэгчийнхээ амийг аварчээ
Тогооч Д.Сталлворт байнгын үйлчлүүлэгчээ эмнэлэгт эргэж очоод буй нь

АНУ: Рестораны ажилчид байнгын үйлчлүүлэгчийнхээ амийг аварчээ


   АНУ-ын нэгэн рестораны тогооч, үйлчлэгчид арав гаруй жилийн турш өдөр бүр зочилдог байсан байнгын үйлчлүүлэгчийнхээ амийг аварчээ. “The Washington Post сонины” мэдээлснээр Флорида мужийн Пенсакола хотын сам хорхойн рестораны байнгын үйлчлүүлэгч 78 настай Чарли Хикс ресторанд нь ирэхээ больсонд тогооч Доннелл Сталлворт ихэд санаа зовниж гэрт нь очжээ. Ч.Хикс 10 гаруй жилийн турш тус ресторанд өдөр бүр зочилж, үдийн болон оройн хоол иддэг байжээ. Гэвч өнгөрсөн есдүгээр сард хэд хоног дараалан ирэхээ болиход нь рестораны ажилтнууд санаа зовон утсаар холбогдоход тэрбээр бие нь чилээрхэн гэртээ хэвтэж байсан тул хоол хүргэж өгчээ. Хэд хоногийг дараа дахин холбогдохыг оролдсон боловч утсаа аваагүй байна. Тогооч Д.Сталлворт санаа зовон гэрт нь очиж хаалгыг нь тогшиход тайлж өгөхгүй хэсэг зуур байснаа гэр дотроос "Туслаач" гэх дуу сонсогджээ. Хаалгыг нь эвдэж ороход тэрбээр хоёр хавирга нь хугарч, маш их шингэн алдсан байдалтай шалан дээрээ хэвтэж байсан аж. Өтөл настай Ч.Хикс орноосоо унаж бэртсэн байжээ. Тиймээс даруй түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн бөгөөд удалгүй бие нь дээрдэж, энэ хугацаанд рестораны ажилтнууд өдөр бүр дуртай хоолыг нь хүргэж өгдөг байжээ. Чарли Хикс эмнэлэгээс гарсныхаа дараа рестораны хажууд байрлах шинэ байранд нүүж орсон бөгөөд рестораны зүгээс түүнд цахилгаан хэрэгсэл бэлэглэж, шинэ байрыг нь тохижуулж өгчээ. Бие нь сайжирсан хойноо мөнөөх ресторандаа ирэхэд ажилтнууд нь баяр хөөр болон угтаж, урт насалж эрүүл байхыг ерөөжээ. Энэ үед Ч.Хикс "Бидний хооронд ийм нандин холбоо тогтсонд талархаад баршгүй” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн байна. Эдүгээ тэрбээр өдөр бүр дуртай хоолоо зооглож, рестораны ажилтнуудын халамжид эрүүл саруул аж төрж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.