Саудын Араб: Тусгай зэрэглэлийн гадаадын иргэдэд архи худалдахыг зөвшөөрөв

Саудын Араб: Тусгай зэрэглэлийн гадаадын иргэдэд архи худалдахыг зөвшөөрөв


   Исламын шашны дэгийн дагуу 70 гаруй жилийн турш согтууруулах ундаа худалдахыг хориглож ирсэн Саудын Араб сүүлийн үед гадаадын чинээлэг иргэдэд архи, шар айраг зэргийг худалдахаар болсон байна. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр нийслэл Эр-Рияд хотын дипломатуудын хотхонд нээгдсэн зөвхөн мусульман бус дипломатчидад зориулсан архины дэлгүүр одоогоос эхлэн хууль ёсоор оршин суух эрхтэй мусульман бус, тусгай зэрэглэлийн гадаадын иргэдэд архи зарж эхэлсэн байна. Тусгай зэрэглэлийн гадаад иргэд гэдэг нь эмч, инженер, хөрөнгө оруулагч зэрэг өндөр орлоготой мэргэжилтнүүд юм. Дэлгүүрийн гадна талд согтууруулах ундаа худалдаалдаг тухай хаяг байхгүй бөгөөд архи худалдаж авах эрхтэй эсэхийг шалгадаг тусгай журам үйлчилдэг аж. Тус дэлгүүр нээгдсэнээс хойш үүдэн дээр нь урт дараалал үүсэх болжээ. Харин дотоодын иргэд болон журамд хамаарахгүй гадаад хүмүүс согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон хэвээр байна. Тус улсад 1951 онд Абдулазиз хааны хүү, хунтайж Мишари согтуу үедээ Их Британийн дипломатчийг буудан хөнөөснөөс хойш архи согтууруулах ундаа худалдаалах, хэрэглэхийг хориглосон ажээ. Сүүлийн үед угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы дэвшүүлсэн эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн "Алсын хараа 2030" төлөвлөгөөний дагуу шашны болон уламжлалт хоригийг аажмаар зөөлрүүлж байна. 2018 оноос эмэгтэйчүүд машин жолоодох, рок поп хөгжмийн концерт тоглох, олон нийтийн газар хүйсийн ялгаварлалыг хориглох, кино театруудыг нээх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.