Криштиану Рональду өдөрт таван удаа унтаж, зургаан удаа хооллодог
Домогт хөлбөмбөгчин Криштиану Рональду эдүгээ нас 40 гарсан ч хорин настай залуу мэт бие галбиртай байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр саяхан хамгийн сүүлийн үеийн зургаа инстаграмд нийтэлжээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, түүний эрүүл чийрэг байдаг гол нууц нь унтаж амрах өвөрмөц хэв маягтай холбоотой гэнэ. К.Рональду нь олон цаг үргэлжлүүлэн унтах биш нэг удаадаа 90 минутаар өдөрт таван удаа унтдаг ажээ. Нойрыг олон үе болгон хуваах энэ арга нь биеийн хүч тамирыг хурдан хугацаанд нөхөн сэргээдэг болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, спортын нойрны мэргэжилтэн Ник Литлхэлс сайн нойр авах ийм арга нь илүү үр дүнтэй гэдгийг батлаад "Өдөрт хэд хэдэн удаа унтдаг энэ арга нь биеийг маш сайн амрааж, булчингийн ядаргааг хурдан тайлдаг” гэжээ. К.Рональду өглөө эрт саун, мөсөн ваннд орж, багийн бэлтгэлээс гадна өдөр бүр дөрвөн цаг ганцаарчилсан бэлтгэл хийдэг аж. Нөгөө талаар хоолны маш өвөрмөц дэглэм барьдаг бөгөөд өдөрт зургаан удаа хооллодог, ингэхдээ тахианы цээж мах, загас зэрэг уураг ихтэй хоолыг амтархан зооглодог гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







