Кейт Уинслет хүүхэд байхдаа гадаад төрхөөсөө болж дээрэлхүүлдэг байсан тухайгаа ярьжээ
"Титаник" киноны дүрээрээ алдаршсан Холливүүдийн жүжигчин Кейт Уинслет хүүхэд байхдаа гадаад төрхөөсөө болж бусдад дээрэлхүүлж, эмэгтэй хүүхдэд ахдам таагүй доромж үгийг олонтоо сонсож байсан гэдгээ илэн далангүй ярьсан байна. Тэрбээр “BBC Radio 4”-ийн нэвтрүүлэгт оролцож бага, залуу насныхаа тухай дурсахдаа, "Нэг удаа жүжигчний ур чадварын багш минь надад шуудхан "Хэрвээ чи жүжигчин болно гэвэл тарган эмэгтэйн дүр л чамд тохирно” гэж хэлж байсан" гэжээ. Тухайн үедээ жаахан булцгар байсан гэдгээ хэлж, “Томчууд, ялангуяа хүүхэдтэй харьцдаг багш хүн үг хэлээ их анхаарч байх хэрэгтэй. Багшийн минь тэр үг надад аймшигтай байсан” гэсэн байна. Нөгөө талаар бусдаас илүү шазруун зантай байсан тулдаа энэ мэт таагүй үгэнд гутралгүй илүү хичээж мэрийсний дүнд амжилтад хүрсэн гэдгээ хэлсэн байна. Улмаар киноны салбарынхан эмэгтэйчүүдтэй хэрхэн харьцдаг талаар ний нуугүй ярьж, эрэгтэй хүний амнаас гарамгүй хачин доромж үг хүртэл сонсож байсан бөгөөд энэ дээрэнгүй хандлагыг даруй таслан зогсоох ёстой гэдгийг онцлон хэлжээ. К.Уинслет нь 1994 онд анх удаа "Heavenly Creatures" кинонд дүр бүтээж, улмаар 1998 онд Жеймс Камероны найруулсан "Титаник" кинонд тоглон олны танил болж, 2009 онд "The Reader" киноны дүрээр Оскарын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







