АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулах гэж буйг пиццаны газар хэрхэн мэдэв?
АНУ-ын зүгээс Венесуэлд явуулсан цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө тус улсын Батлан хамгаалах яамны байр болох Пентагоны ойролцоох пицца газруудын захиалга огцом нэмэгдсэн “пицца индекс” гэгдэх үзэгдэл энэ удаад дахин ажиглагдсан байна. Пентагоны ойролцоох пицца захиалгын байдалд дүн шинжилгээ хийдэг "Pentagon Pizza Report (PPR)" нэртэй цахим хуудасны мэдээлснээр 3-ны өдрийн 02:00 цагаас эхлээд Вашингтон хотын пиццаны газруудын захиалга огцом нэмэгдсэн байна. Энэхүү цахим хуудсыг нэрээ нууцалсан программ хангамжийн инженер ажиллуулдаг бөгөөд Пентагоны ойролцоох тодорхой пиццаны газруудын шөнийн цагийн захиалгыг хянаж, дүн шинжилгээ хийдэг аж. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын томоохон цэргийн ажиллагаа, эсвэл дипломат болон аюулгүй байдлын онцгой ажиллагаа явуулахын өмнө пиццаны захиалга нэмэгддэг болохыг илрүүлсэн байна. PPR-ийн мэдээлснээр энэ удаад АНУ-ын арми Венесуэлд агаарын цохилт өгөхийн өмнөхөн буюу 02:00 цагийн орчимд пиццаны захиалга хурдацтай нэмэгджээ.
“Пиццаны индекс” гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл нь аюулгүй байдлын томоохон асуудал тулгарах үед Пентагон болон тагнуулын газрын ажилтнууд шөнөжин ажилладагтай холбоотой юм. Хэдийгээр энэ нь албан ёсны дүн шинжилгээ биш боловч бодит үйл явдалтай хэд хэдэн удаа холбогдож байсан юм. 1991 оны Персийн булангийн дайны үеэр “Domino's Pizza” ресторан ажиллуулж байсан Фрэнк Микс хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Дайн эхлэхийн өмнөхөн Пентагон урдынхаасаа хавьгүй олон буюу 55 пиццаны захиалга өгсөн" гэж хэлсэн байдаг. Үүнтэй төстэй явдал сүүлийн үед ч тохиосон юм. Өнгөрсөн оны зургадугаар сард Израйль улс Иран руу агаараас цохилт өгөх, АНУ Ираны цөмийн байгууламжид цохилт өгөхөөс өмнө Пентагоны ойролцоох пиццаны захиалга хурдтай нэмэгдэж байсныг дээрх цахим сүлжээ мэдээлж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







