Украин гаралтай тамирчин бүсгүй ОХУ-ын шүүхээс ял авчээ

Украин гаралтай тамирчин бүсгүй ОХУ-ын шүүхээс ял авчээ


   ОХУ-д төрсөн украин гаралтай хүндийн өргөлтийн тамирчин Юлия Лемешенко саяхан Орост хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан хэргээр 19 жилийн ял сонссон тухай Их Британийн “The Guardian сонин мэдээлэв. Ю.Лемешенко нь 2014 онд Украинд цагаачилж, 2021 оны Украины хүндийн өргөлтийн аварга болж байсан нэр хүндтэй тамирчин байв. Гэсэн хэдий ч 2023 оны намар Харьков дахь гэрээсээ алга бөгөөд жил гаруйн дараа түүнийг Украины аюулгүй байдлын албаныхны захиалгаар хорлон сүйтгэх ажиллагаа, аллага үйлдэхээр төлөвлөж байсан гэх хэргээр яллагдагчаар татсанаа Оросын шүүх мэдэгдсэн билээ. ОХУ-ын прокурор Ю.Лемешенко түүнийг Санкт-Петербург хотын цахилгаан дамжуулах шугамыг дэлбэлж, Воронеж хотод Оросын агаарын цэргийн командлагчийг хөнөөх зорилгоор тагнуул хийсэн гэж мэдэгдсэн юм. Улмаар Оросын Холбооны аюулгүй байдлын алба түүнийг 2023 онд Украины аюулгүй байдлын албанд сайн дураараа элсэж, Киев хотод нисгэгчгүй онгоц жолоодох, тэсрэх бодис ашиглах сургалтад хамрагдаж, дараа нь 2024 оны наймдугаар сард Воронеж руу нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна. Украинчууд Харьков хотыг бөмбөгдөхөд Ю.Лемешенког биечлэн оролцсон гэж тус алба үзэж байгаа аж. ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Ю.Лемешенко өөрөө үүнийг үгүйсгээгүй бөгөөд шүүхэд "Миний мэдүүлэг надад сайн зүйл авчрахгүй нь тодорхой. Гэвч нэр төр, хүн чанар минь надад илүү чухал. Би хийх ёстой гэж үзсэн зүйлээ хийсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр Воронеж хотод төрж өссөн бөгөөд 2014 онд нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Украины Харьков руу нүүсэн байна. Улмаар 2021 онд Украины аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Украины нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцохыг мөрөөддөг байсан Ю.Лемешенко 2022 онд тус улсын иргэншил авах хүсэлт гаргаж байв. Тэрбээр мөн шүүх хурал дээр "Би Украины иргэн биш ч Украиныг эх орноо гэж үздэг. Тиймээс эх орныхоо төлөө тэмцэхээр шийдсэн" хэмээн мэдүүлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.