Токиод болсон дуудлага худалдаагаар нэг туна загас 3.2 сая долларын үнэ хүрэв
Киёши Кимүра дуудлага худалдаанд ялсны дараа. 2026.01.05 © Kyodo News

Токиод болсон дуудлага худалдаагаар нэг туна загас 3.2 сая долларын үнэ хүрэв


   Токио хотод өчигдөр болсон 2026 оны анхны дуудлага худалдаагаар Номхон далайн цэнхэр сэлүүрт туна загас түүхэнд байгаагүй өндөр үнэ буюу 510.3 сая иэнээр (ойролцоогоор 3.2 сая ам.доллар) зарагдсаныг “Japan Times сонин мэдээллээ. Дуудлага худалдаа Токио хотын загас, далайн бүтээгдэхүүний Тоёосү зах дээр болсон бөгөөд худалдан авагч нь сүши рестораны алдартай сүлжээ “Sushizanmai”-н эзэн Киёши Кимүра байжээ. 243 килограмм жинтэй туна загасыг Японы умард нутгийн Аомори мужийн Оома хотын далайн эргээс барьсан байна. Тоёосү зах дээр шинэ оны эхний өдрүүдийн нэгэнд болдог туна загасны дуудлага худалдаа нийт япончууд төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг үндэсний хэмжээний томоохон үйл явдал юм. Японд туна загасыг өндөр үнээр худалдан авах нь үндэсний бахархал болохын зэрэгцээ амжилт,  шинэ ондоо аз хийморьтой байхыг бэлгэддэг. Хэдий асар өндөр үнээр худалдаж авсан ч уг загасыг чинээлэг хэрэглэгчдэд зориулан нөөцөлдөггүй, ресторанд орж ирсэн бүхий л хүмүүст ижил тэгш үйлчилдэг байна. Киёши Кимүра нь энэ дуудлага худалдаанд жил бүр оролцон өндөр үнэ хаядагаараа алдартай тул түүнийг аварга том туна загастай хамтад нь дүрсэлсэн баримал олон рестораных нь үүдэнд байдаг гэнэ. Жил бүрийн энэ дуудлага худалдаагаар 250 шахам туна загас борлуулдаг бөгөөд өмнөх дээд амжилт нь 2019 онд 336 сая иэнээр зарсан туна байжээ.     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.