АНУ ЮНЕСКО зэрэг олон улсын 66 байгууллагаас гарч, санхүүжилтээ зогсооно
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын харьяаны 31 агентлаг, мөн НҮБ-д харьяалалгүй олон улсын 35 байгууллагаас АНУ-ыг гаргах тухай захирамжид гарын үсэг зурсан байна. Цагаан ордны мэдээлснээр, Д.Трамп Америкийн ашиг сонирхолд үйлчлэхээ больсон олон улсын 66 байгууллагаас гарах тухай захирамж гаргаж баталгаажуулжээ. Үүний дагуу тус улсын нийт засаг захиргааны хэлтэс, агентлагууд дээрх тооны олон улсын байгууллагад санхүүжилт олгохоо зогсооно. Д.Трамп ямар байгууллага гэдгийг тодорхой нэр дурдаагүй ч "Эдгээр байгууллагын олонх нь АНУ-ын бүрэн эрх, эдийн засгийн зорилттой зөрчилддөг радикал уур амьсгалын бодлого, үзэл суртлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг" гэж мэдэгджээ. Энэ нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ыг онилсон гэж үзэж байна. Үүнд мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын агентлаг (UNRWA), ЮНЕСКО зэрэг байгууллагууд орно гэдгийг албаны эх сурвалж хэлжээ. Цагаан ордон эдгээр байгууллагыг АНУ-ын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, тусгаар тогтнолд харшлах байдлаар үйл ажиллагаа явуулдаг болохыг онцлон дурдсан байна. Улмаар "АНУ-ын татвар төлөгчид эдгээр байгууллагуудад тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулсан боловч үр дүн нь чамлалттай. Мөн түүнээс гадна АНУ-ын бодлогыг байнга шүүмжилж, манай улсын үнэт зүйлстэй зөрчилдсөн хөтөлбөрүүдийг сурталчилж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг" гэж мэдэгдээд дээрх байгууллагуудаас гарснаар татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, нөөц бололцоогоо Америкийн тэргүүлэх чиглэлд зориулна гэдгийг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







