АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Оросын далбаатай хөлөг онгоцыг саатуулав
АНУ-ын Эргийн хамгаалалтын алба өчигдөр Хойд Атлантын далайд Оросын далбаа бүхий газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг Венесуэлтэй холбоотой хэмээн сэжиглэж саатуулсан гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Мөн тэр өдөр Карибын тэнгист өөр нэг хөлөг онгоцыг саатуулсан байна. Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ном энэ тухай цахим хуудсандаа мэдэгдэж, "Эргийн хамгаалалтын алба Батлан хамгаалах яам, Төрийн департамент зэрэг холбогдох агентлагуудтай нягт хамтран ажиллаж, ажиллагааг амжилттай дуусгасан” гэжээ. “Вела 1” нэртэй дээрх хөлөг онгоцыг өнгөрсөн сарын 21-нээс хойш мөрдөж байсан бөгөөд энэ удаад тус хөлөг Эргийн хамгаалалтынхны мөрдлөгөөс бултахыг оролдож, мөн далбаагаа сольж, хөлгийн нэрийг хүртэл өөрчилж үзсэн нь хариуцлагаас мултрах гэсэн арга хэмээн тус алба мэдээлжээ. Тус хөлөг Америкийн хүчний шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, Оросын далбааг мандуулсны дараа хөлгийн нэрээ "Маринера" болгон өөрчилсөн байна. Уг ажиллагааг удирдсан албаны хүн "Дэлхийн гэмт хэрэгтнүүд зугтаж болох ч нуугдаж чадахгүй. Бид Америкийн ард түмнийг хамгаалж, хар тамхи, терроризмын санхүүжилтийг таслан зогсоох үүргээ биелүүлсээр байх болно" гэж мэдэгджээ.
Энэ талаар “Reuters” агентлаг АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнаас иш татан мэдээлэхдээ "АНУ-ын цэргийнхэн Оросын далбаатай хөлгийг саатуулсан нь анхны тохиолдол” гээд энэ нь АНУ, ОХУ-ын хооронд хурцадмал байдал бий болгох магадлалтай гэдгийг онцолжээ. Мөн “Financial Times” (FT) сонин "Д.Трампын засаг захиргааны АНУ-ын цэргийн сүр хүчийг харуулсан эрсдэлтэй ажиллагаа" гэж нэрлэжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет "Венесуэлд авсан хориг арга хэмжээ болон хууль бус түүхий нефтийг хориглох журам дэлхий даяар хүчин төгөлдөр хэвээр байгаа" гэсэн байна. АНУ өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Венесуэлийн далайн бүслэлтийг эрчимжүүлж, газрын тосны хууль бус тээвэрлэлтийг бүрэн хориглосноо мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







