Оросын арми тулаанд морь, тэмээ ашиглаж байна
Оросын арми Украины фронт руу морин болон тэмээн цэргийн хүчийг илгээж байгаа талаар Их Британийн “The Telegraph” сонин мэдээллээ. Морины эмээл дээр “Starlink” хиймэл дагуулын холбооны антенн, туслах батерей зэргийг суурилуулж, нэгэн цэрэг "Гагнасан мэт бат бөх боллоо. Сайхан зохиж байна" хэмээн хэлж буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тарсныг тус сонин эш татжээ. Оросын армийнхан харилцаа холбоо муутай тулалдааны талбарт ийм аргаар дрон жолоодох, нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд хянах, алсаас үр дүнтэй удирдах боломжтой гэж үзэж байгаа аж. Өмнө нь буюу өнгөрсөн оны 10 дугаар сард Барууны хэвлэлүүд Оросын 51 дүгээр армийн есдүгээр бригад Донецк мужид морин цэргийн анги илгээж байгаа тухай мэдээлж байв. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард тэмээ хөлөглөсөн орос цэргүүдийг харуулсан гэрэл зураг хэвлэлээр цацагдаж байсан билээ. Хос бөхтэй тэмээг Төв Ази болон бусад бүс нутагт хүнд ачаа тээвэрлэхэд ашиглаж ирсэн уламжлал бий. Энэ тухайд тус сонин "Украинчууд дайнд нисгэгчгүй онгоц зэрэг технологийн дэвшлийг илүү ашиглаж байгаа бол Оросын арми хуучны аргаа хэрэглэж байна. Морьт цэргээс гадна заримдаа мотоцикл, уулын дугуй хөлөглөн тулалдаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







