"Сүпермэн" комикс номын анхны хэвлэл 15 сая доллароор зарагдав
Холливүүдийн жүжигчин Николас Кэйж эзэмшиж байгаад хулгайд алдсан "Сүпермэн" комиксын 1938 оны анхны хэвлэл 15 сая доллароор зарагджээ. BBC агентлагийн мэдээлснээр, Супермэнийг дэлхийд таниулсан энэхүү номыг Нью-Йорк хотын “Metropolis Collectibles-ComicConnect” байгууллагын дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан цуглуулагч дээрх үнээр худалдан авсан байна. "Сүпермэн" комикс анх худалдаанд гарах үедээ 10 центийн үнэтэй байсан нь өнөөгийн ханшаар 2.25 доллартой тэнцэнэ. Анхны хэвлэлээс одоогоор 100 хүрэхгүй хувь үлдсэн байдаг аж. Энэ удаад зарагдсан номыг нэгэн цагт жүжигчин Н.Кэйж эзэмшиж байгаад хулгайд алдсаны дараа улам алдартай болсон бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулагчид "Н.Кэйжийнх байсан тул номын үнэ цэн улам нэмэгдсэн" гэжээ. Алдарт жүжигчин анхны хэвлэлийг 1996 онд 150 мянган доллароор худалдаж авсан нь тухайн үедээ дээд үнэ байв. Харин 2000 онд гэрт нь болсон үдэшлэгийн үеэр уг ном хулгайд алдагдсан бөгөөд 11 жилийн дараа буюу 2011 онд Калифорниа мужийн нэгэн хуучин агуулахаас олджээ. Н.Кэйж хулгайд алдсан номынхоо түүхийг 1911 онд Парисын Луврын музейгээс Леонардо да Винчигийн "Мона Лиза" хөрөг хулгайлагдсантай зүйрлэж, мөн номын үнэ цэнийг "Америкийн поп соёлын бэлгэ тэмдэг" хэмээн тодорхойлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







