Хятад: Хөгжлийн бэрхшээлтэй бүсгүй сард 43 мянган долларын орлого олдог
Автомашины ослоор гар, хөлөө алдсан хятад бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гутал тослож, угааж цэвэрлэх бизнес эхлүүлсэн нь ихээхэн амжилт олж байгаа тухай “The South China Morning Post” сонин мэдээлэв. Өмнө нь олны танил нөлөөлөгч байсан 30 настай Вонг Шинь-И бүсгүй 2020 онд найзынхаа машинд сууж яваад осолд орж зүүн гар, зүүн хөлөө тайруулсан байна. Үүний дараа тэрбээр зүрхний шигдээс болж, 14 удаа мэс засалд орсны дээр найз залуу нь орхиж явжээ. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй болсон бүсгүй бууж өгсөнгүй, амьдрахын тулд чадах бүхнээ хийж, 2022 онд йогийн хувцас зарж эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүнийг өөрөө өмсөн сурталчилдаг байжээ. Энэ бизнес нь боломжийн орлоготой байсан ч сэтгэл ханасангүй, өнгөрсөн жил гутал тослох, цэвэрлэх бизнес эхлүүлсэн байна. Энэ ажилдаа өөртэй нь ижил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг татан оролцуулж, одоогоор арваад хүнийг ажиллуулан тэдний бие бялдар, ур чадварын онцлогт тохирсон ажил үүрэг оноожээ. Тухайлбал сонсголын бэрхшээлтэй хүнийг чимээ ихтэй цэвэрлэгээний машин дээр ажиллуулж байгаа бол суумгай хүнд гар ажиллагаа шаардсан ажил хуваарилсан байна. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ч өөрийн гэсэн давуу тал байдаг. Тэдэнд боломж л олгох хэрэгтэй" гэжээ. Одоогийн байдлаар түүний цех өдөрт 700-800 хос гутал цэвэрлэж, сард 300 мянга шахам юанийн (ойролцоогоор 43 мянган доллар) орлого олж байгаа бөгөөд өөрөө цахим орчинд 500 гаруй дагагчтай болсон байна. Бизнес эрхлэхээс гадна сайн үйлсийн аян өрнүүлж, цусны өвчтэй 12 настай охины эмчилгээнд зориулж 800 мянган юанийн хандив цуглуулж, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил бизнесийг сурталчилж, тэднийг байнгын орлоготой байхад нь үнэлж баршгүй тус болж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







