Гренландчууд Д.Трампыг хэрхэн эсэргүүцэв?

Гренландчууд Д.Трампыг хэрхэн эсэргүүцэв?


   Гренландын Сисимиут хотын оршин суугч Ангуак Нико Реннерт Холливүүдийн "Dumb and Dumber" инээдмийн киноны зургийг эвлүүлж, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Вэнс нарын дүрд хувиргаад цахим сүлжээнд нийтэлсэн байна. Үүнийгээ АНУ-ын засаг захиргаа Данийн нутаг дэвсгэр болох Гренландыг булаан авах гэсэн илэрхий санааг эсэргүүцэн нийтэлсэн гэдгээ хэлж, хэвлэлд өгсөн  ярилцлагадаа "Д.Трамп бол зүгээр л тэнэг амьтан" гэжээ. Тэрбээр Хүйтэн дайны үед Зөвлөлтийн пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор байгуулсан боловч ашиглагдахгүй удсаар өдгөө балгас болсон АНУ-ын радарын баазыг дурдаад "Энд үлдсэн АНУ-ын мэдлийн юм гэвэл мөсөн дээр овоолсон зэвтэй төмөр л байна” гэсэн байна. Мөн арлын нийслэл Нуук хотын оршин суугч Трина Эвальдсен "Бид үргэлж Гренландынхан хэвээр үлдэнэ. Америк зэрэг өөр орны соёлд нэгдмээргүй байна” гэжээ. Энэ мэтчилэн Д.Трампын үг, үйлдлийг эсэргүүцсэн хөдөлгөөн Данийн нутагт ч мөн өрнөж байна.

   Гэхдээ Д.Трамп оршин суугч бүрт 100 мянган доллар хүртэлх бэлэн мөнгөний төлбөр санал болговол Гренландын бага орлоготой иргэд уг саналыг хүлээн авах байдалд орж болзошгүй гэсэн таамаглал ч байна. Нөгөө талаар Гренландын таван улс төрийн нам хамтарсан мэдэгдэл гаргаж, "АНУ манай улсыг үл тоомсорлохоо зогсоох ёстой. Бид Америк ч биш, Дани ч биш байхыг хүсч байна" гэж мэдэгджээ. Мөн зарим улс төрчид Данийн засгийн газрын албан тушаалтнуудыг оролцуулалгүйгээр АНУ-тай шууд хэлэлцээр хийхийг уриалж байна. Д.Трамп Гренландад цэргийн ажиллагаа явуулах талаар удаа дараа мэдэгдсэн явдалд Европ даяар түгшүүртэй байна. Их Британи, Герман зэрэг НАТО-гийн гишүүн орнууд Гренландад цэрэг байршуулах талаар хэлэлцэж байгаа аж. Энэ долоо хоногт болох АНУ, Дани, Гренландын Гадаад хэргийн сайд нарын гурван талт уулзалт Гренландын ирээдүйн томоохон эргэлт авчирна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.