Д.Трампыг эсэргүүцэн Холливүүдийн алдартнуудын зүүсэн тэмдэг ямар учиртай вэ?

Д.Трампыг эсэргүүцэн Холливүүдийн алдартнуудын зүүсэн тэмдэг ямар учиртай вэ?


   АНУ-ын Лос Анжелес хотноо болсон 83 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үеэр улаан хивсэн дээгүүр алхсан алдартнуудын энгэрт цагаан дэвсгэр дээр "BE GOOD" гэсэн хар өнгийн бичигтэй тэмдэг зүүлттэй байсан нь олны анхаарлыг татав. Учрыг тодруулбал, энэхүү тэмдэг нь цагаач иргэдийн эсрэг явуулж буй Д.Трампын бодлогыг эсэргүүцсэн бэлгэдэл байжээ. “Тhe Associated Press” агентлагийн мэдээлснээр "Avengers" киноны Халкийн дүрд тоглосон Марк Руффало, инээдмийн жүжигчин Ванда Сайкс, Наташа Лионн, Жан Смарт зэрэг олон жүжигчин шагнал гардуулах ёслол дээр энэ тэмдгийг зүүжээ. "BE GOOD" нь өнгөрсөн 7-ны өдөр Миннесота мужийн Миннеаполис хотод Цагаачлалын албаны (ICE) ажилтанд буудуулж амиа алдсан Рэнэ Гүүд хэмээх бүсгүйн дурсгалыг хүндэтгэсэн утгатай бөгөөд мөн ICE-ийн бодлогыг эсэргүүцэж буйг илэрхийлсэн утга давхар агуулсан аж. Жүжигчин Ванда Сайкс “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Энэ тэмдэг нь ICE-ийн ажилтны гарт амиа алдсан ээжийн дурсгалыг хүндэтгэсэн утгатай юм. Бид дуу хоолойгоо өргөж, энэ засгийн газрын зүй бус үйлдлийг зогсоох хэрэгтэй" гэжээ. Мөн жүжигчин М.Руффало тэмдгийн утгыг тайлбарлаад, ерөнхийлөгч Д.Трампыг "Олон улсын эрх зүйг үл ойшоодог, гэм буруутай нь шүүхээр нотлогдсон энэ гэмт хэрэгтнийг зогсоох ёстой” хэмээн шүүмжилсэн байна. Алдартнууд Холливүүдийн шагнал гардуулах ёслол дээр улс төрийн байр суурь, эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм. Миннеаполис хотын оршин суугч, гурван хүүхдийн ээж Рэнэ Гүүд өнгөрсөн долоо хоногт бага хүүгээ сургуульд нь хүргэж явахдаа буудуулж амиа алдсан юм. Д.Трампын засаг захиргаа ICE-ийн агент өөрийгөө хамгаалах зорилгоор буу хэрэглэсэн гэж мэдэгдсэн ч, гэрчүүд уг явдлыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдал гэж үзэж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.