Япон: Эмэгтэй ерөнхий сайд сүмогийн дэвжээн дээр гарахгүй
Японы ерөнхий сайд Такаичи Санаэ энэ сарын 25-ны өдөр болох сүмо бөхийн барилдааны шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. Энэхүү шийдвэр нь эмэгтэй хүн сүмогийн дэвжээн дээр гарахыг хориглодог уламжлалт ёстой холбоотой ажээ. Японд мэргэжлийн сүмогийн барилдаан нэгдүгээр сараас эхлэн хоёр сар тутамд, жилд зургаан удаа болдог бөгөөд өнгөрсөн ням гарагт эхэлсэн Хацү башёгийн барилдааны ялагч 25-ны өдөр тодорч цом хүртэнэ. Уламжлал ёсоор энэ цомыг ерөнхий сайд биечлэн гардуулдаг. Харин тус улсын түүхэнд тодорсон анхны эмэгтэй ерөнхий сайд сүмогийн дэвжээн дээр гарах эсэх талаарх маргаан Такаичи Санаэг ажлаа авснаас хойш өрнөж ирсэн юм. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард болсон Кюүшю башёгийн цомыг ерөнхий сайдын туслах гардуулсан бол энэ удаад уламжлалт ёсыг хүндэтгэх үүднээс эмэгтэй ерөнхий сайд дэвжээн дээр гарахгүй гэдгээ ийнхүү мэдэгдсэн байна. Өмнө нь төрийн өндөр албан тушаал хашдаг эмэгтэй хүн сүмогийн дэвжээнд гарах гэж оролдоод татгалзсан хариу авч байсан тохиолдол бий. 1989 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны эмэгтэй дарга Маюми Морияма ерөнхий сайдын өмнөөс цомыг гардуулах гэсэн боловч Сүмогийн холбоо татгалзсан юм. 2000 онд Осака хотын захирагч эмэгтэй Фүсаэ Ота орон нутгийн сүмогийн тэмцээний цомыг гардуулахыг оролдсон боловч Сүмогийн холбоо мөн татгалзаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







