АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар хамт өглөөний дасгал хийв

АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар хамт өглөөний дасгал хийв


   АНУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайд Пит Хэгзэтт болон Японы Батлан ​​​​хамгаалахын сайд Шинжиро Коизүми нар өчигдөр өглөөний 7:30 цагт Вашингтон хотын ойролцоох Форт Майерын цэргийн баазад ирж, явган цэргийн гуравдугаар хорооны цэргүүдтэй биеийн хүчний дасгал хийв. Тулааны урлагаар хичээллэдэг П.Хэгзэт АНУ-ын цэргийн баазуудад айлчлах үеэрээ цэргүүдтэй хамт биеийн хүчний бэлтгэл сургууль хийдэг бөгөөд Засгийн газрын бусад гишүүдийг ч хамт оролцохыг урьж байсан юм. Японы Батлан ​​​​хамгаалах яамны нийтэлсэн зургуудаас харахад армийн хошууч цолтой П.Хэгзэт ядарсан шинжгүй, тайван инээмсэглэн гар дээрээ суниаж байсан бол Ш.Коизүми нэлээд зүдэрсэн царайтай, нүдээ аниад булчингийн дасгал хийж байв. П.Хэгзэт 1980 онд, Ш.Коизүми 1981 онд төрсөн, нэг насны зөрүүтэй. Сайд П.Хэгзэт "Японы Батлан ​​​​хамгаалахын сайд болон армийн дайчидтай хамт өглөөг эхлүүлж буй нь сайхан байна” гэсэн бол Ш.Коизүми "Биеийн хүчний дасгал хийх амаргүй байсан ч П.Хэгзэт сайдын үг надад урам өгч байлаа” гэжээ. П.Хэгзэт Япон улс батлан ​​​​хамгаалахын зардлаа нэмэгдүүлснийг онцлон дурдаад "Японы Засгийн газар батлан хамгаалах салбартаа ихээхэн анхаарч буй нь чухал алхам бөгөөд би үүнийг онцлон сайшааж байна" гэжээ. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард албан тушаалаа авсны дараахан Японд айлчлах үеэрээ "Япон бол Хятадын цэргийн түрэлтийг зогсооход хамгийн гол түнш. АНУ-Японы холбоо бол Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын тулгын чулуу юм" гэж мэдэгдсэн билээ. Д.Трампын засаг захиргаа мөн Хятадын хүч нөлөөг хязгаарлахын тулд АНУ-Японы цэргийн хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгч байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.