Таргалалтын эсрэг эм агаарын тээврийн компаниудыг хэрхэн баярлуулав?
Таргалалтын эсрэг үйлчилгээтэй “Wigovi” болон “Maunjaro” эмийн хэрэглээ огцом нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зорчигчдын жин багассаны ачаар АНУ-ын агаарын тээврийн компаниуд энэ жил түлшний зардлаас 580 сая орчим доллар хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарчээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, агаарын тээврийн болон тээврийн салбарын шинжээчдийн багийн гаргасан судалгааны тайланд дээрх таамгийг дэвшүүлсэн байна. Тайланд дурдсанаар, АНУ-ын насанд хүрэгчдийн таргалалтын түвшин гурван жил дараалан буурч, таргалалтын эсрэг эм хэрэглэдэг хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан зорчигчдын жингийн өөрчлөлтийг “Boeing 737” онгоцонд үзүүлэх нөлөөллөөр шинжилж үзээд дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд нэг зорчигчийн дундаж жин 10 хувиар буурахад онгоцны хөөрөх жин ойролцоогоор 2 хувь буурч, түлшний зардлыг 1.5 хувь хүртэл хэмнэх боломжтой гэж үзсэн байна. Энэ нь бодитой бөгөөд амьдралд нийцсэн судалгаа гэдгийг мэргэжилтнүүд ч хэлж байна. Нөгөө талаар энэ нь агаарын тээврийн компаниудын хувьд сайн мэдээ юм. Учир нь АНУ-ын агаарын тээврийн “American Airlines”, “Delta Airlines”, “United Airlines”, “Southwest Airlines” зэрэг компаниудын үйл ажиллагааны зардлын 19 хувийг түлшний зардал эзэлдэг ажээ. Дээрх дөрвөн компани зөвхөн энэ жил ойролцоогоор 16 тэрбум галлон түлш хэрэглэх төлөвтэй байна. Нэг галлон түлшний дундаж үнэ 2.41 ам.доллар гэж үзвэл нийт түлшний зардал ойролцоогоор 38.6 тэрбум доллар болно. Зорчигчдын болон ачааны нийт жин нь түлшний үр ашгийг тодорхойлдог тул агаарын тээврийн компаниуд онгоцны жинг бууруулах тал дээр янз бүрийн арга хэмжээ авсаар ирсэн байна. Тухайлбал, 2018 онд “United Airlines” компани зорчигчдод зориулсан "Hemisphere" сэтгүүлээ хамгийн хөнгөн цаасан дээр хэвлэж, сэтгүүл нэг бүрийн жинг нэг унциар бууруулснаар жилд ойролцоогоор 170 мянган галлон түлш буюу 290 мянган доллар хэмнэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







