2025 онд Хятадын хүн ам 3.3 саяар буурчээ
Гэрэл зураг © voiceofemirates.com

2025 онд Хятадын хүн ам 3.3 саяар буурчээ


   2025 онд Хятадын хүн ам 1.405 тэрбум болж өмнөх оныхоос 0.24 хувь буюу 3.39 саяар буурсныг Хятадын Үндэсний статистикийн хороо өчигдөр мэдээллээ. Өсөлтийн хувиар энэ нь 1949 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болж байгааг тус хорооны мэдээнд дурджээ. 2025 онд 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо 223.65 сая хүрсэн бөгөөд энэ насны иргэд нийт хүн амын 15.9 хувийг эзэлж байна. Мөн онд Хятадад 7.92 сая хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 1.62 саяар буурсан үзүүлэлт байв. Тэгвэл 2023 онд үүнээс хэд дахин их буюу 9.02 сая төрөлт бүртгэгдэж байжээ. Мөн 2025 онд 1000 хүнд ноогдох төрөлт 5.63 болсон нь 1949 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон аж. Хятад улс “Нэг айл-нэг хүүхэд” бодлогоо халж, айл өрхүүдийг гурав хүртэлх хүүхэдтэй болохыг зөвшөөрснөөс хойш хэдийнэ 10 жил өнгөрсөн ч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, хүн ам хурдацтай хөгширч буйг статистик мэдээ харуулж байна. Шинэ бодлого тэр бүр үр дүн өгөхгүй байгаа тул эрх баригчид өнгөрсөн жилээс нэмэлт хөтөлбөрүүд зарлаж эхэлсэн юм. Тухайлбал, өрхүүдэд гурваас доош насны хүүхэд бүрийнх нь тоогоор жилд 3600 юань буюу 500 гаруй долларын тэтгэмж олгож байна. Орон нутгийн түвшинд өөр бусад санаачлага олныг хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүн гарах төлөв одоогоор харагдахгүй байгаа талаар Хятадын хэвлэлүүд бичжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.