Казахстан улс парламентаа шинээр байгуулж Хурилдай хэмээн нэрлэнэ
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өчигдөр Кызылорда хотод болсон Үндэсний хурилдайн 5 дахь удаагийн буюу сүүлчийн хуралдаанд оролцохдоо, парламентын шинэчлэл хийх, улс орны дээд удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулахаар болсноо зарлалаа. Шинэчлэлийн гол зорилго нь, одоо байгаа хоёр танхимтай парламентыг нэг танхимтай болгох явдал бөгөөд Құрылтай хэмээн нэрлэх санал дэвшүүлжээ. Энэ нь эрт дээр үеэс монгол үндэстэн төр улсын асуудлаа олноор цугларан хэлэлцдэг хурал чуулганыг хэлж ирсэн хурилдай хэмээх монгол үг юм. Сенат, Мажилис хэмээх дээд, доод хоёр танхимтай одоогийн парламент нийтдээ 148 гишүүнтэй бол нэг танхимтай шинэ парламентыг 145 гишүүн, 8 байнгын хороотой байхаар төлөвлөсөн бөгөөд нэг удаагийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх аж. Мөн Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын ерөнхий газрыг парламентаас байгуулдаг болно. “Түгээмэл бус шинжтэй шинэчлэл тул зохих хэлэлцүүлгийг нэг жил гаруй хугацаанд өрнүүлсний эцэст 2027 онд багтаан ард нийтийн санал асуулга явуулж, улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” хэмээн К.Токаев хэлжээ. 2022 онд түүний санаачилгаар байгуулсан Ардын хурилдай (Национальный курултай) хэмээх олон нийтийн зөвлөлдөх дээд байгууллагыг мөн татан буулгаж, олон үндэстний төлөөллийг хангасан Ардын зөвлөл (Халык Кенесы) хэмээх байгууллагыг байгуулах, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг шинээр бий болгохоор шийдвэрлэсэн байна.
Монгол хэлний хурилдай хэмээх үгийг одоо болтол хэрэглэж буй жишиг ялангуяа ОХУ-ын бүрэлдэхүүнд буй улсуудад нэг бус байна. Тухайлбал, Алтайн Бүгд найрамдах улсын парламентыг Эл Курултай гэдэг бол Башкортостаны парламентыг Курултай хэмээдэг. Дэлхийн казахуудын их чуулган, Дэлхийн башкируудын их чуулган, Крымын татаруудын их чуулганыг мөн ийн нэрлэнэ. Киргизс улсад мөн Казахстанд одоо буйтай ижил байгууллага байдгийг Ардын хурилдай (Кыргызстан Элдик курултайы) гэнэ. 2008 оноос хойш Унгар улсад жил бүр болж буй төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн их наадмыг Их хурилдай буюу Great Kurultáj хэмээн нэрлэж байна. Харин Халимаг, Буриадын парламентын албан ёсны нэр нь Народный хурал буюу Ардын хурал билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







